February 29, 2016
Өнөө үед дэлхий дахинаа Мэдээллийн Технологийн стандартчиллыг чандлан сахих болжээ. Үүнийг дагаад өндөр мэргэжлийн инженер технологийн ажилтнуудын эрэлт хэрэгцээ ч их өсөн нэмэгдсээр байна. Иймээс та бүхэндээ Мэдээллийн технологийн инженерүүдэд мэргэжлийн батламж олгодог BICSI (Building Industry Consulting Service International) хэмээх байгууллага тэр дундаа RCDD батламжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ.
BICSI нь АНУ, Флоридад төвтэй, 100 орчим улсад гишүүнчлэлтэй мэдээлэл дамжуулах систем (ITS)- ийн салбар дахь мэргэжилтнүүд болон компаниудын мэдлэг боловсролыг дэмждэг мэргэжлийн холбоо юм. Энэхүү байгууллага нь сургалт зөвлөгөөн, олон нийтийн болон мэргэжлийн хөтөлбөрөөр дамжуулан салбарын мэргэжилтнүүдэд дутагдалтай байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээр дэмжин ажиллахаас гадна, мэргэжлийн сертификат олгож тэдний чадамжийг баталгаажуулдаг.
BICSI нь мэргэжилтнүүдэд мэдээлэл холбоо технологийн тодорхой салбарт мэргэшсэн шийдэл гаргах болон суурилуулах үеийн мэдлэгийг тодорхойлох олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сертификат олгох хөтөлбөртэй. BICSI-ийн сертификат бүхий мэргэжилтнүүд олон улсад үнэлэгдэж, мэдээлэл холбоо технологийн салбар даяар хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.
RCDD нь 1984 онд анх бий болсон бөгөөд BICSI-н хамгийн нэр хүндтэй батламж юм. RCDD сертификат бүхий мэргэжилтэн нь мэдээлэл холбооны технологи болон холбогдох дэд бүтцийн бүрэлдэхүүн хэсгүүдийн ажлыг нэгтгэн хэрэгжүүлэх чадамжтай байдаг.
RCDD сертификатын шалгалт өгөх хүсэлт гаргахын тулд хамгийн багадаа 5 жил холбоо дохиоллын дизайн гаргасан туршлагатай байх хэрэгтэй бөгөөд ажлын туршлага, хэрэглэгчийн гүйцэтгэлийн талаарх лавлагаа, ажиллаж буй компанийн тодорхойлолт, референс, мэргэжлийн диплом, үнэмлэх зэрэгт үндэслэж шалгалтад орох эрхийг өгнө.
Дизайны ажилд site survey, хэрэглэгчийн шаардлагыг тодорхойлох, ажлын зураг гаргах, төслийн техникийн нөхцөл гаргах, төсөл удирдах ажлууд багтана. Суурилуулалт, туршилт, талбайн инженер, чанарын шалгалт, худалдаа, засвар үйлчилгээ, сургалт гэх мэт хүчин зүйлс нь төслийн амжилтад нөлөөлөх хэдий ч дизайн хийсэнд тооцогдохгүй.
BICSI ийн Telecommunications Distribution Methods Manual (TDMM) 2100 хуудас бүхий номоос шалгалтын асуултуудыг сонгож авдаг.
RCDD – REGISTERED COMMUNICATIONS DISTRIBUTION DESIGNER
Уг мэргэжлийн сертификатыг мэдээллийн технологийн дэд бүтцийн шийдлийг гаргах, интеграцчлах болон хэрэгжүүлэх тал дээр мэдлэгтэй, туршлагатай хүмүүс л авах боломжтой. Түүнчлэн үндсэн туршлага мэдлэгээ сертификатын сургалт болон хамгийн орчин үеийн арга барилаар байнга зузаатгаж байдаг учир сертификат бүхий мэргэжилтнүүд нь зах зээл дэх хамгийн найдвартай чадварлаг боловсон хүчин болдог.
Олон улсын жишигт засгийн газар, цэрэг арми, томоохон бизнесийн байгууллагууд Structured Cabling System-ийн суурилуулалт болон дизайныг RCDD сертификат бүхий инженерээр гүйцэтгүүлэхийг шаарддаг. Жишээ нь: U.S Courts Design Guide дээр сувагчлал болон холбоо дохиоллын өрөөнүүдийн дизайныг заавал RCDD гаргасан байх ёстой гэж шаарддаг. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Дабигийн Олон Улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн тендерийн шаардлагад шалгалт хийх хянагч нь RCDD байх, кабел суурилуулалт хийх ажилтнууд дунд заавал RCDD байх ёстой гэж шаардсан байдаг.
REGISTERED TELECOMMUNICATIONS PROJECT MANAGER (RTPM). RTPM болсноор мэдээлэл холбоо технологийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болон төслийн менежментийн талаар мэдлэгтэй болно.
DATA CENTER DESIGN CONSULTANT (DCDC). DCDC нь 2011 онд үүссэн ба мэдээллийн төвийн шийдэл гаргах чадвар, мэдлэгтэй болно.
OUTSIDE PLANT (OSP) DESIGNER. 2001 онд үүссэн. OSP дизайнер болсноор OSP болон дэд бүтцийг агаараар болон газар доогуур байгуулах төлөвлөлт боловсруулах чадвартай болно.
Хэрвээ та өөрийн байгууллагын МТ-ийн дэд бүтэц, төсөл, үйл ажиллагаанд BICSI сертификаттай инженерээс зөвлөгөө авч, шийдлийн дизайн боловсруулалт, хяналт үнэлгээ хийлгэхийг хүсвэл Ай Ти Зон ХХК-н Систем Интеграцчлал, Автоматжуулалтын газарт хандана уу.