May 22, 2017
Байгууллагын дотоод сүлжээнд холбогдох төхөөрөмжүүдийн чадал, боломж нь нэмэгдэж, тэдгээрийг ашиглаж буй хэрэглэгчдийн ажиллах орчин эрчимтэй өөрчлөгдөхийн хэрээр мэдээллийн удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэгч байгууллагууд бүхий л хэрэгцээ шаардлагыг нь хангаж чадах сүлжээний шийдэл эрэлхийлэх болжээ. Хувьсан өөрчлөгдөж буй энэхүү орчинд хамгийн сайн зохицох шийдлийг санал болгож буй нь Hewlett Packard Enterprise компани бөгөөд тус компаниас хамгийн сүүлд танилцуулаад буй HPE Aruba утасгүй сүлжээний шийдлийн талаар Ай Ти Зон ХХК-ийн Дижитал технологийн газрын Бизнес хөгжил хариуцсан менежер Б.Төрмөнхтэй ярилцлаа.
ES: Өдрийн мэнд, бизнесийн байгууллагууд их хэмжээний мэдээллээ үр дүнтэй удирдан зохицуулахын тулд мэдээллийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэх болсон. Тэгвэл байгууллагын сүлжээний шийдэл нь үүнд чухам ямар нөлөөтэй байдаг вэ?
Мэдээлэл үүсэн бий болохоос эхлээд боловсруулан ашиглах хүртэл бүхий л үйл явц нь тухайн байгууллагын гадаад болон дотоод сүлжээний орчинд явагдаж байдаг тул сүлжээний шийдэл нь яах аргагүй мэдээллийн удирдлагын тогтолцооны нэн чухал хэсэг мөн. Өөрөөр хэлбэл байгууллага сүлжээний шийдлээ зөв зохион байгуулснаар мэдээллийн удирдлагын тогтолцооны үндсэн суурь бүрэлддэг.
Хэдий их үнэ цэнэтэй мэдээлэл хуримтлуулсан ч сүлжээний шийдэл нь шаардлага хангахгүй бол тэр их мэдээллийг дамжуулах, нэгтгэн дүгнэх, үр дүнтэй ашиглах боломжгүй.
Ялангуяа хүн бүр өдөр тутмын ажилдаа ямар нэгэн байдлаар ухаалаг, хөдөлгөөнт төхөөрөмжүүдийг тогтмол ашиглаж эдгээр төхөөрөмжүүд нь их хэмжээний мэдээлэл үүсгэх болсноор байгууллагууд дотоод сүлжээгээ хөдөлгөөнт төхөөрөмжид зориулан өргөтгөж утасгүй шийдэлд шилжүүлэх шаардлага зайлшгүй тулгарч ирээд байна. Харин утасгүй сүлжээний шийдлээр өнөөгийн зах зээлд тэргүүлэгч нь HPE Aruba компани юм.
ES: Aruba компанийн санал болгож буй шийдлийг ашигласнаар байгууллагуудад ямар давуу тал үүсэх вэ?
Өнөөдөр дийлэнх байгууллага оффистоо утасгүй интернэтийн сүлжээг ашигладаг. Хамгийн гол нь тэдгээр сүлжээний шийдэл нь хэрэглэхэд хялбар байхын сацуу байгууллагын мэдээллийн урсгал тасалдалгүй, аюулгүй байх нөхцөлийг бүрэн хангасан байх учиртай.
Aruba сүлжээний шийдэл нь зөвхөн мэдээллийг дамжуулаад зогсохгүй бизнест хэрэгтэй олон мэдээллийг бий болгодгоороо онцлогтой. Мөн сүлжээний ашиглалт, мэдээллийн урсгалыг цаг тухайд нь хянаснаар сүлжээний ачааллыг зохистой хуваарилж, саатал доголдол гарахаас нь өмнө зохих арга хэмжээг авснаар аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, олон салбар байгууллагыг нэгдсэн нэг сүлжээнд холбох боломж бүрддэгээрээ давуу талтай.
Ингэснээр нийт төрийн байгууллагуудын хэмжээнд үүсч буй мэдээллийг нэгдсэн сүлжээгээр дамжуулан төвлөрүүлэхээс гадна ажлын онцлог шаардлагын улмаас цаг үргэлж нэг газраас нөгөөд шилжиж явдаг төрийн албан хаагчид нь зөвхөн өөрийн ажлын байраараа хязгаарлагдахгүй аль ч төрийн байгууллагын сүлжээнд холбогдоод өөрт хамааралтай програм хангамж, мэдээллийн санд нэвтрэн ажлаа хийх боломжийг бүрдүүлж байгаа хэрэг юм.
Олон салбар газартай бизнесийн байгууллагууд ч энэ жишгээр бизнесийн бүхий л чухал мэдээлэл, програм хангамжаа нэг сүлжээнд холбож салбар газруудын хооронд мэдээллийн зөрүү, алдагдал үүсгэх нөхцөлийг хязгаарладаг.
ES: Дээрх жишээнд нийтлэг албан байгууллагын тухайд дурдлаа. Илүү тодорхой болгох үүднээс үйлчилгээний бизнес эрхлэгчдэд ямар боломж өгөх талаар яриач?
Үйлчилгээний байгууллагуудын хувьд сүлжээний шийдэл нь зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй тухайн байгууллагаар үйлчлүүлж буй үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах чадамжтай байх шаардлага тулгардгаараа онцлогтой. Өнөөдөр аль нэг coffee shop ч юм уу ресторан гэх мэт үйлчилгээний газарт ороод хэрэглэгчид хамгийн түрүүнд WiFi нууц үгийг нь асуудаг болж.
Тэгвэл Aruba компаниас санал болгож буй Facebook WiFi үйлчилгээг ашигласнаар үйлчлүүлэгчид WiFi сүлжээнд тань Facebook эрхээрээ нэвтэрч танай хуудсанд Like дарж Check-in хийснээр интернэт ашиглах боломжтой болдог.
ES: Энэ үйлчилгээг нэвтрүүлсэн байгууллагууд бий юу?
Энэ үйлчилгээ нь Монголд нэвтрээд удаагүй байгаа учир цөөн тооны байгууллагууд ашиглаж эхэлж байна. Харин Дэлхий даяар нийт 1800 орчим дэлгүүртэй Victoria’s Secret брэнд бүх дэлгүүрүүдээ Aruba сүлжээнд холбон тухайн дэлгүүрийн аль нэг салбараар өмнө нь үйлчлүүлсэн хэрэглэгч өөр салбарт нь очиход утасгүй сүлжээнд нь ямар нэгэн нууц үг асуух шаардлагагүйгээр шууд нэвтрэх боломжтойгоор шийдсэн байдаг. Цаашлаад Aruba системээ CRM програмтайгаа холбон тухайн үйлчлүүлэгчийн худалдан авалтад дүн шинжилгээ хийж аль ч дэлгүүрт очиход борлуулагчид нь тухайн үйлчлүүлэгчийн хамгийн их сонирхдог бүтээгдэхүүнүүдийг нь санал болгодог болсон байна.
Энэ нь нэг талаараа үйлчилгээний чанарыг сайжруулах төдийгүй нөгөө талаараа үйлчлүүлэгчдийнхээ нэр, нас, байршил, худалдан авалтын давтамж гэх мэтчилэн их хэмжээний мэдээлэл цуглуулж байдаг учир байгууллагын мэдээллийн удирдлагын тогтолцоог дэмжих чухал хэрэгсэл болж болохыг харуулж байгаа юм.
ES: Сонирхолтой мэдээлэл өгсөнд баярлалаа.