Цахим хувьсгал ба өгөгдөлд суурилсан бизнес

February 06, 2017

Цахим хувьсгал бидний амьдралд нөлөөлж буй 4 хүчин зүйлс

Бидний өдөр тутмын амьдрал, бизнесийн хэмнэлийг үндсээр нь өөрчилж буй 4 гол хүч болох (1) ухаалаг утас болон интернетэд холбогдсон хөдөлгөөнт төхөөрөмжүүд, (2) их өгөгдөл, өгөгдлийн шинжилгээ(3) нийгмийн сүлжээний платформууд, (4) үүлэн тооцоолол зэргийг уламжлалт бизнесийнхэн стратегидаа оруулан бизнесээ шинэ орчин нөхцөлд тохируулан өөрчлөхийг цахим хувьсгал хэмээн товчоор томьёолж болох юм. Энэхүү доорх бяцхан нийтлэлдээ эдгээр 4 гол хүчний нэг болох өгөгдөл, өгөгдлийн шинжилгээг бизнестээ уялдуулан хөгжүүлэх талаар өөрийн бодлоо хуваалцъя.

Туршлагад суурилсан соёлоос өгөгдөлд суурилсан соёлд шилжих нь?

Бүхий л цаг үед мэдээлэл, өгөгдөл нь амин чухал хэрэгцээ байсан. Өнөө цагт энэ улам илүү мэдрэгдэх болжээ. Мэдээлэлд хэн ойр, түүн дээр суурилсан дүн шинжилгээг хэн сайн хийж чадаж байгаа нь бусдаасаа ялгарах боломжтой. Өөр зүйлээр бусдаас ялгарах боломж улам л хомс болсоор байна. Технологиор ялгардаг байсан үе ард хоцорч, бүхий л технологи улам хямд илүү ойр, илүү хялбар болжээ. Үүний тод илрэл нь бидний өдөр тутам сонсож буй олон шинэ гарааны бизнесийн төсөөлшгүй хурдан амжилтууд юм. Хямд технологи нь эдгээр гарааны бизнесийг эхлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үлэмж бага болгож байгаа.

Нөгөө талдаа интернет болон нийгмийн сүлжээний платформуудын тусламжтай бид хамгийн шилдэг сайн арга аргачлал, менежментийг суралцан хуулбарлах боломж бүрджээ.

Явсаар эцсийн дүнд бизнесийн ялгарлаа бий болгох цөөхөн үлдсэн зэвсгийн нэг нь цэгцтэй тоон өгөгдлийг цуглуулах эко системийг бүрдүүлэн түүнээсээ бизнесийн үнэ цэнийг тасралтгүй бүтээж чаддаг байгууллагын соёлыг бий болгох явдал юм.

Өнөөдрийг хүртэл ихэнх уламжлалт бизнес “experience-driven” буюу туршлага дээр суурилсан шийдвэр гаргалтыг голлон хийсээр ирсэн. Ийм бизнесийн соёлд байгууллагын амин чухал нөөц нь олон жил ажилласан туршлагатай боловсон хүчин байсаар ирсэн бол энэ хандлага өөрчлөгдөөд эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор “Data-driven” гэсэн нэр томьёотой та сүүлийн үед нэлээд таарсан байх.

Монголын бизнесийн орчин бол үнэндээ туршлага дээр суурилсан өнгөрсөн зууны менежментээр өдийг хүртэл явсаар ирж.

Саяхан манай компани дээр ISO 2015 нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлсэн туршлагатай экпспертийн хэлснээр Монголын дийлэнх компанийн хувьд ISO 2015 -н шаардлагыг хангахад хамгийн тулгамдсан асуудал нь тухайн бизнест хэрэгтэй байж болох өгөгдөл мэдээллүүд нь цэгцтэй тоон байдлаар байхгүй байгааг дурдаж байсан. Олон жил үйл ажиллагаагаа явуулан, Монголын түүчээ болсон туршлагатай компаниудын дунд ч энэ үзэгдэл маш түгээмэл байсаар байна. Компаниудын дийлэнх нь үсрээд санхүүгийн систем хэрэглэдэг, тэр чиглэлийн тоон мэдээлэл нь харьцангуй сайн. Бусдаар ажилтан, зах зээлийн, бизнесийн үр дүн, гүйцэтгэлийн, хамгийн гол нь харилцагч үйлчлүүлэгчдийнхээ талаарх цэгцтэй өгөгдөл мэдээлэл, түүх үнэндээ л тун ядмаг байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болжээ.

Чухал мэдээлэл нь өнөө л туршлагатай хэдэн хүмүүсийн толгойд нь байсаар байгаа нь тухайн бизнесийг хэт хамааралтай болгон шинэлэг инноваци гаргах тухай ярихын ч хэрэггүй нөхцөл байдалруу хүргэж байна.

Байгууллага ямар нэг системтэй байгаад тодорхой хэмжээнд тоон мэдээллээ цэгцтэй үүсгээд эхлэх нь амин чухал асуудал юм. Хэрвээ та ямар нэг шинэ систем хөгжүүлэх, нэвтрүүлэх гэж төлөвлөж буй бол юун түрүүнд тухайн систем танай байгууллагад яг ямар тоон өгөгдлийн бааз суурийг бүрдүүлэн өгч чадахыг нэн тэргүүнд харах хэрэгтэй. Энэхүү тоон өгөгдөл нь таны бизнесийн шинэ үнэ цэнэ, инновацийг эрж хайн олборлох уурхай тань болно.

Хаанаас, хэрхэн эхлэх вэ?

Тоон өгөгдөл дээр 2 хэлбэрээр ажиллаж болох мэт харагддаг. Эхнийх нь бизнесийн тодорхой зорилго зорилтын хүрээнд асуудлаа хараад бодлогоо бодсоны үндсэн дээр зорилтод өгөгдлийг цуглуулан түүн дээрээ тоглох. Өөрөөр хэлбэл, илүү системтэйгээр эхнээсээ эцсийн хүрэх үр дүнгээ тодорхойлон ажиллах арга юм. Бизнесээ эхлүүлж буй хүмүүст эсвэл дөнгөж өнөөдрөөс шинэ систем нэвтрүүлж буй компаниудад илүү тохиромжтой.

Нөгөөх нь нэгэнт үүсч бий болсон өгөгдлийн бааз сууриа нээж, түүн дээрээ төрөл бүрийн эрэл хайгуулыг хийх замаар инноваци хийх арга болно.

Бизнесийн байгууллагын хувьд аль аль нь чухал ба 2 дахь хэлбэр нь илүү түгээмэл мөн илүү ач холбогдолтой бидний хараагүй, төлөвлөөгүй үр дүнг гаргаж ирэх магадлал нь өндөр. Учир нь бизнес гэдэг өргөжиж томрох, цааш хөгжихийн хэрээр эхний тавьсан зорилт өөрчлөгдөн хувьсаж, бизнесийн үйл ажиллагаа, түүнд байгаа системүүд нь хувьсан өөрчлөгдөж, олширч байдаг.

Ийм нөхцөлд, ялангуяа 2-оос дээш тоон өгөгдлийн эх сурвалжийг хослуулах байдлаар ажиллавал илүү нарийн бизнесийн үнэ цэнэ авчрах мэдээллийг олж авч чадах юм. Жишээ нь санхүүгийн өгөгдлийг, ажилчдын болон газар хэлтсийн гүйцэтгэлтэй уялдуулан харах замаар илүү нарийн хүний нөөцийн чадавхын зураглалыг гаргаж авч болох юм. Олон зуун ажилтантай газар хүн бүрийг тухайлан мэдэж авьяастныг тодруулах нь туршлага дээр суурилан хийвэл мөдгүй ажил. Харин зөв үнэлгээний системтэй газар таны туршлага дээр нэмээд өгөгдөлд суурилсан шинжилгээ хийх замаар энэхүү ажлыг хөнгөвчилж болох юм. Өөр нэг жишээ авъя.

Та агуулахынхаа бараа материалын татан авалтыг борлуулалтын өгөгдөлтэй хослуулснаар чухам аль бараа хэр эргэлттэй байдаг талаар мэдэн илүү оновчтой төлөвлөлтийг хийх боломжтой болно.

Хэдэн зуун бараа эргэлдэж буй мөн тэдгээр бараа нь цаг улирлаа даган өөрчлөгдөж буй худалдааны бизнест энэхүү шинжилгээ нь амин чухал болох ба үүнийг дан ганц туршлагаараа удирдах боломж эрс багасах нь ойлгомжтой бизээ.

Дээрх 2 үндсэн зарчмын хүрээнд ажлаа эхлэхдээ юуны өмнө тухайн байгууллага өгөгдөл боловсруулах, ашиглах одоо байгаа түвшингээ мэдэж авах нь чухал. Байгаа газраа мэдсэнээр та дараагийн үе шатаа урьдчилан харж тодорхой стратегиар өөрийн чадавхыг үе шаттай нэмэгдүүлэх боломжтой болно. Олон улсад байгууллагын мэдээлэл ашиглах чадварыг үндсэн 5 түвшинд авч (Gartner’s BI Maturity Model-г олж уншина уу) үзэж байна.

Өгөгдөл суурилсан бизнесийн соёлын түлвшин. Цахим шилжилт

Нэгдүгээр түвшинд буй компани нь шийдвэр гаргах, гүйцэтгэл үнэлэх албан ёсны хэвшил үгүй, үе үе шинжилгээг болхи байдлаар хийдэг, мэдээлэл нь эмх цэгцгүй, мэдээллийн дэд бүтэцгүй байдаг бол 5 дахь түвшний байгууллага нь тоон мэдээллийг боловсруулан ашиглах чадвар нь маш өндөр хэмжээнд хүрсэн байх төдийгүй бизнесийн стратегийн амин чухал хөдөлгүүр нь болсон, байгууллагын бүхий л чухал мэдээллээ цуглуулан боловсруулах дэд бүтэц, үйл ажиллагааны дараалал, байгууллагын соёл нь тогтсон байх жишээтэй.

Эндээс манай ихэнх компаниудын хувьд түвшин 1 болон 2-т байгаа болов уу. Бидний өрсөлдөгч гэж харж болох олон улсын түвшинд хүрсэн компаниудын ихэнхи нь түвшин 4 юм уу 5-д байна.

Тэд бизнесийн дотоод бүхий л үйл ажиллагаагаа өгөгдөлд суурилан нарийн хэмжин оновчлоод зогсохгүй, улмаар хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ шинэ үнэ цэнийг бий болгон бизнесээ уялдуулан хөгжүүлж чадаж байна. Үүний хамгийн ойрын ганц л жишээ гэхэд бид бүгдийн санал болгож буй Canon-ы copier service болох UniFlow Managed Service юм. Зөвхөн хувилагч принтерийг нийлүүлээд зогсохгүй, өгөгдөл цуглуулах замаар хэрэглэгчид шинэ үнэ цэнийг хүргэн бизнестээ нэгэн шинэ үйлчилгээг санал болгож чадсан байна.

Азаар өнөөгийн өгөгдөл боловсруулах, шинжлэх технологи нь улам боловсронгуй болж өгөгдлийн их уурхайгаас хүссэнээ эрж хайн олох нь улам хялбар болсоор байна. Үүний нэг тод илрэл бол “Self-service analytics” буюу өгөгдлийг технологитой нь бизнесийг хариуцаж буй хүний гарт нь шууд хүргэх боломж юм.

Өмнөх технологиуд нь голцуу бизнесийнхэн шаардлагаа гаргасны үндсэн дээр мэдээллийн системийн инженерүүд өгөгдлийн шинжилгээг нарийн програмчлалын хэл ашиглан хийдэг байсан бол өнөөдөр бизнесийн эзэд хэн нэгнээс хамааралгүйгээр маш хурдтайгаар өөрийн өгөгдөл дээр хүссэнээрээ ажиллах, шинжлэх боломж нэгэнт бүрдсэн байна.

Эдгээр технологиудын гол төлөөлөгч “Data discovery players” гэгддэг Tableau, Qlik зэрэг компаниудыг нэрлэж болно. Өгөгдөл боловсруулах, шинжлэх чиглэлээр ажиллах хүсэлтэй та бүхэнтэй бид хамтран ажиллахад үргэлж нээлттэй байх болно.

Б.Цээсүрэн

PDEng Инженерийн доктор.Төр, банк санхүү болон бусад салбар дахь дижитал технологи, core дэд бүтэц шинэчлэлтийн томоохон төслүүдийг ахлан удирддаг. Ай Ти Зон компанийн Тэргүүн дэд захирал, туршлагатай удирдагч.