October 07, 2022
Монгол Улсад орчин цагийн Мэдээлэл технологи, Харилцаа холбооны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Интернэтийн сүлжээ нэвтэрсний 25 жилийн ой өнгөрсөн онд болж өнгөрчээ. Тэртээ 100 жилийн өмнө харилцаа холбоо (Монгол Улсад мэдээллийн технологи)-ны салбар үүсэн бий болж, түүнээс хойш Компьютержилт, Интернэт, Програм хангамж, Мэдээллийн систем, Үүлэн технологи, Хиймэл оюун гэх зэрэг бие даасан дэд салбаруудаар өргөжин тэлсээр байна.
Тэгвэл мэдээллийн технологи, электроник, автоматжуулалтын салбарт анхлан бизнесээ эхэлсэн Ай Ти Зон (М Си Эс Электроникс ХХК) компани энэ жил 25 жилийнхээ босгон дээр ирж өдгөө Могул Групп хэмээх мэдээллийн технологийн төрөлжсөн компаниудын нэгдэл болон үйл ажиллагаагаа явуулж байна. Чухамдаа Монгол дахь мэдээлэл технологийн хөгжил нь манай компанийн хөгжилтэй шууд холбоотой бөгөөд анхны Компьютержих үеэс одоогийн Хиймэл оюун, Их өгөгдлийн эрин үе хүртэлх бүхий л үе шатуудыг хамтдаа туулж иржээ.
Мэдээллийн технологийн салбарт Монголчууд бид 2 чиглэлээр оролцдог. Хэрэглэгч буюу тус технологийг хөгжүүлсэн компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэх байдлаар болон 2-рт бүтээгч буюу суурь технологиуд дээр хөгжүүлэлт хийж шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж зах зээлд нэвтрүүлэх байдлаар оролцдог. Ай Ти Зон компани нь хэрэглэгчдэдээ Цахим шилжилт хийхэд хөтөч нь байж үндсэн бизнестээ анхааран, мэдээллийн технологийн хөгжлөөр өсөлтөө хурдасгахад нь итгэлт түнш нь байх гэсэн уриа үгтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Харин Могул групп компаниудын хувьд Хамтдаа бүтээх үнэ цэн буюу Мэдээллийн технологийн эс ширхэг бүрийг үнэ цэнтэй байлгахад зорилгоо чиглүүлж, хэрэглэгчдэдээ үргэлж шинэ үнэ цэн бүтээхийн төлөө хамтдаа хичээн ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаанд Ай Ти Зон компани нь Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч Dell компанийн тэргүүн түншээр ажиллаж, тус компанийн бүхий л технологийг Монгол улсдаа нэвтрүүлэн, Dell-ийн олон улсын сертификат бүхий 20 гаруй инженер, маркетингийн боловсон хүчин бэлдэж зах зээлийн 70 орчим хувийг эзэлсэн брэнд болгон хөгжүүлсэн юм. Мөн түүнчлэн сүлжээ, програм хангамж, мэдээллийн аюулгүй байдлын технологийн цөм болсон Canon, Microsoft, Oracle, Cisco, Fortinet, Salesforce, Schneider Electric зэрэг компаниудын урт хугацааны түнш болон ажиллаж олон арван төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, улс эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмрээ нэр төртэйгөөр оруулсаар байна. Мэдээлэл технологийн зах зээлийн ханган нийлүүлэлт, дагалдах мэргэжлийн үйлчилгээ, инженерийн шийдэл, борлуулалт маркетингийн цогц системүүдийг хэрэгжүүлэн 25 жилийн туршид жилээс жилд өсөн дэвшиж буй Ай Ти Зон компани нь зах зээлийнхээ 30 гаруй хувийг дангаар эзэмшин ажиллаж байдаг нь бидний бахархал болж байдаг юм.
Бид дан хэрэглэгч, ханган нийлүүлэгч байгаад зогсохгүй програм хангамж, систем интеграцчлалын чиглэлээр өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг бүтээн бий болгож зах зээлд амжилттай нэвтрүүлээд байна. Үүнд: Дижитал Воркс компанийн зохион бүтээсэн Бизнесийн нөөц удирдлагын систем Green HRM, Green Finance болон банк, санхүүгийн салбарт LiteBanker мэдээллийн цогц систем, Новелсофт компанийн хөгжүүлсэн DocMine, CompassMate, Homebook зэрэг үйл ажиллагааны автоматжуулалтын системүүд, Цахим засаглалын чиглэлд Прокурорын газрын Нэгдсэн удирдлагын систем, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үндэсний суурь систем, Үндэсний Статистикийн хорооны Статистикийн мэдээлэл боловсруулах систем, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Мэдээллийн цөм систем зэрэг үндэсний компанийн чадавхыг шавхсан олон төслүүдийг амжилттай нэвтрүүлж өдгөө нийгэм, эдийн засаг, бизнесийн салбар бүрд амжилттай нэвтрүүлэн ажилласаар байна.
Цахим шилжилт, Аж үйлдвэрлэлийн 4-р хувьсгал улс орны бүхий л салбарт эрчимтэй явагдаж, Блокчэйн, их өгөгдөл, хиймэл оюун ухаан, роботын шинжлэх ухаан амьдралд нэгэнтээ хэрэгжээд эхэлжээ. Эдгээр технологийн хөгжлийг өөрийн улсын хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэх, тэдгээрийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд группийн зүгээс тасралтгүй хөрөнгө оруулалт, хүний нөөцийн хөгжүүлэлтийг хийсээр байна.
Новелсофт компанийн хэрэгжүүлж буй Их өгөгдлийн нэгдсэн архитектур угсрах Татварын ерөнхий газар дахь төсөл нь их өгөгдөл (big data) шуурхай боловсруулах, эрсдэлийн үнэлгээ гаргахад үлэмж хэмжээний цаг, хөрөнгө хэмнэх бөгөөд хамгийн гол нь үнэн зөв мэдээлэлд үндэслэсэн шийдвэр гаргах процессыг хурдасгах юм.
Дэлхий дээрх хамгийн өндөр өсөлттэй бий болж байгаа зүйл бол мэдээлэл, өөрөөр хэлбэл өгөгдөл юм. Гагцхүү эдгээр мэдээллийг хэрхэн ангилж, ялгаж, хадгалж, дамжуулах нь технологийн болоод системийн асуудал байдаг. Эдгээр мэдээллээ оновчтой удирдаж чадсанаар түүний үнэ цэн улам өсөх бөгөөд ирээдүйн өрсөлдөх чадварын үндсэн хүчин зүйл болно гэж судлаачид үздэг.
Дөнгөж 2022 он гараад Могул Сервис компани маань хамгийн орчин үеийн технологийн шийдэл бүхий олон улсын Tier II стандартыг хангахуйц Дата төвийг ашиглалтад хүлээж аван үйлчилгээгээ эхлүүлээд байна. Тус төв ашиглалтад орсноор хэрэглэгчдийн өсөн нэмэгдэж буй өгөгдөл мэдээллийг хадгалах, солилцох, дамжуулах бааз суурь сайжрахаас гадна шинэ тутамд хөгжиж буй үүлэн технологи бүхий үйлчилгээнүүдийг мэдээлэл дамжуулах хурдны (latency) хязгаарлалтгүй ашиглах боломж бүрдэн дэлхийн стандарт үйлчилгээг ямар ч хоцрогдолгүй авах боломжийг бүрдүүлэх юм. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдгээр энэхүү төв нь улс орны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, шинээр буй болж буй олон технологи, үйлчилгээний үндсэн дэд бүтцүүдийн нэг болон хэрэглэгчдэд очно гэдэгт бид итгэлтэй байна.
Улаанбаатарчууд бид шинэ нисэх буудлаараа үйлчлүүлээд удаагүй байгаа билээ. Энэхүү мега төсөлд Дижитал Повер компанийн оруулсан хувь нэмэр, уйгагүй хөдөлмөр зүтгэл нь тус буудлаар үйлчлүүлэх бүрд бахархал болон биднийг хурцалж байдаг юм. Нисэх буудлын дотоод мэдээллийн харилцаа холбоо, шилэн кабель, сүлжээний нэгдсэн дэд бүтэц, IPTV, зарлан мэдээлэх болон мастер цагийн систем, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай тоноглол зэрэг нь олон улсын төслийн болон технологийн стандартыг бүрэн хангасан шилдэг шийдэл болон үйл ажиллагаагаа явуулж байна.
Түүнчлэн ковид-19 цар тахлын хүндхэн үед шинээр барьж ашиглалтад оруулсан 3500м2 олон улсын зэрэглэлийн агуулах, түгээлт, хангамжийн төв маань ачаалал ихтэй ажиллаж байна. Үйл ажиллагаандаа цахим технологид суурилсан шилжилт хийж буй Могул Экспресс компанийн хамт олон тээвэр, логистикийн үйл ажиллагааны үр өгөөж, бүтээмжийг ийнхүү технологид суурилан шийдсэнээр хэрэглэгчдэд хамгийн богино хугацаанд, хямд өртгөөр хүссэн захиалгаа авах боломжийг бүрдүүлэх болно.
Хүнээр илэрхийлбэл 25 насанд хүрсэн компани маань өдгөө нэгэнт эрийн цээнд хүрчээ. Цаашид бидэнд хийх ажил их, бүтээх үнэ цэн түүнээс ч олон байж, илүү их сорилтыг авчрах нь дамжиггүй. Мэдээллийн технологийн салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан үе үеийн инженер, техникийн ажилтан, борлуулалт, маркетинг, санхүү, хүний нөөцийн ажилтнууд болон удирдлагууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Могул группийн хөгжлийн зам мөр улам тод байж улс орныхоо хөгжил, цаашлаад олон улсын зах зээлд хүч үзэх чин хүслээ гүйцэлдүүлэх цаг мөч удахгүй биз ээ!
Н.Баттулга
ТУЗ-ийн дарга, Ай Ти Зон ХХК