November 16, 2018
"Залуусын өргөн чөлөө" ротаракт клубийн санаачилгаар Л. Золзаяа, Э.Уранбилэг нарын бичсэн "Өгсөх зам" ном нь Монголын Бизнесийн томоохон манлайлагчдын бодит туршлагыг сийрүүлэн эмхэтхэсэн бүтээл болсон. Энэхүү эмхтгэлээс Ай Ти Зон компанийн ТУЗ-ын дарга, Ерөнхий захирал Н.Баттулгын ярилцлагыг хүргэж байна.
Удирдагч хүн байхын хамгийн сайхан бас хамгийн хэцүү зүйл юу вэ?
Удирдах ажил хийдэг хүмүүс маш их хариуцлагыг өөртөө үүрч явдаг. Анх ажилд орж байгаа хүмүүс өсөн дэвшсээр удирдах албан тушаалд очдог л доо. Тэгэхээр энэ бол заавал удирдагч болъё гээд болдог зүйл биш юм. Товчхондоо, амьдралаас ургаж гардаг, сонгон шалгаруулалт хийж явагддаг шалгаруулалтаас гарч ирдэг зүйл байх. Түүнээс биш механикаар удирдагч болдог эсвэл дарга томилдог байдал урт настай биш гэж боддог. Тиймээс нэгдүгээрт удирдагч хүний хамгийн чухал зүйл бол хүмүүсийн итгэлийг алдахгүй байх. Хамт олны, хэрэглэгчийн, бизнесийн харилцагч талуудын итгэлийг дааж явна гэдэг маш чухал. Энэ бол цэвэр хариуцлагатай холбоотой. Дээрээс нь удирдсан багаа зөв, эрүүл зарчмаар удирдаж, тогтвортой удаан хугацаанд хамтарч ажиллах нь чухал.
Хариуцлага гэдэг бэрхшээл биш. Мэдээж ажил хийж байхад бэрхшээл гарна, олон хүн удирдаж байгаа учраас нэгдүгээрт маш нягт нямбай байх ёстой. Ингэхийн тулд өөрийгөө сайн хянаж авч явах үе гардаг. Хоёрдугаарт, удирдагч хүн хамгийн хүнд шийдвэрүүдийг гаргана.
Өнгөц харахад маш хялбар, амархан ажил мэт харагдах ч компани дээр болж байгаа хамгийн хүнд шийдвэрүүдийг эцэслэдэг хүн. Тийм учраас биеийн хүчээр ажил хийгээд байх биш хамгийн гол нь тархины хүчээр, сэтгэлгээ, сэтгэлийн хүчээр ажил хийдэг учраас илүү их хөдөлмөрлөж байгаа гэж үздэг. Хүнд шийдвэрүүдийг гаргахын тулд маш их судалж, олон талын мэдлэг мэдээлэлтэй байх шаардлага гарна. Энэ бүхэнд өөрийгөө дайчлах нь нэг талаараа удирдагч хүний үүрэг. Хүн харахад компьютерийн ард суучихаад, эсвэл хүмүүстэй ярилцаад суугаад байгаа мэт боловч нэг шийдвэрийн ард асар их үйл ажиллагаа явагддаг гэсэн үг.
Удирдах албан тушаал хашсанаас хойш та алдаа гаргаж байсан уу? Энэ нь таны цаашдын амжилтад, үзэл бодолд хэрхэн нөлөөлсөн бэ?
Маш олон алдаа гаргаж байсан. Алддаггүй хүн гэж байх биш. Гэхдээ алдаагаа давтахгүй байх нь чухал. Миний хувьд зарим нэг хөрөнгө оруулалтын шинж чанартай зүйлд залуу хүний сэтгэлийн хөөрлөөр хандаж алдаа гаргаж байсан тохиолдол бий. Өнөө үед мэдээллийн технологийн их тэсрэлт болж байна, үүнтэй холбоотойгоор зарим нэг бизнест хөрөнгө оруулалт хийж, амжилтгүй болж байсан үе ч байгаа. Гэхдээ тэр алдаа минь маш том сургамж болсон. Эрсдэлүүдээ тооцох, сэтгэлийн хөдөлгөөнд автахгүй байх, маш сайн тооцоо хийх, нөөцөө зөв хуваарилах, мэргэжлийн шалгуураар оруулах ёстой юм байна гэх мэт олон сургамжуудыг авдаг.
Баг болж ажиллах хүнийг сонгохдоо анхаардаг гурван чухал зүйл юу вэ?
Баг гэдэг хамгийн чухал. Тухайн компани хамт олны эв нэгдэл дээр тогтдог. Дээрээс нь хамт олны хүчээр бий болно. Тиймээс хамт олон дээрээ бүх хүчээ тавьж ажиллах ёстой гэсэн үг. Ийм хамт олныг бий болгохын тулд багийн гишүүдийн сонголт хамгийн чухал байдаг. Нэгдүгээрт, энэ багийн хамгийн чухал зүйл нь итгэлцэл. Хоёрдугаарт, хамт олон, найз нөхөд өөрсдийнхөө зарчимд нэгдэх ёстой.
Бие биендээ итгэ, ингэхийн тулд өөрсдийнхөө зарчмыг маш тодорхой гаргах шаардлагатай гэсэн үг л дээ. Тэр зарчмынхаа дагуу бүгдээрээ нэгдэж чадвал амжилтад хүрнэ.
Эсрэгээрээ зарчим буюу үнэт зүйл дээрээ тогтоогүй бол компани хамт олон цаашаа хөдлөхөд хэцүү байдаг. Гуравдугаарт, мэдээж хамт олны болоод багаар ажиллах ур чадвар. Багаар ажиллах ур чадвараас гадна манлайллын болон бусад чадвартай байх ёстой. Ер нь өөрсдийгөө тасралтгүй хөгжүүлэх тухай л яриад байна. Тэгэхгүйгээр хэдэн найз нар нийлчихээд нөгөө л байдгаараа байгаад байвал цаг үеэсээ хоцрогдоно. Бусадтай өрсөлдье гэж байгаа бол тасралтгүй хөгж гэсэн гурван зүйлийг нэрлэмээр байна.
Таныг амжилттай байхад нөлөөлдөг хамгийн чухал зуршил юу вэ?
Надад онц гойд дадал зуршил, цагийн яг таг хуваарь байхгүй. Харин аливаа ажлын эцсийг нь үзэж байж санаа амардаг араншин бий.
Ажил эхлүүлсэн л бол заавал ард нь гардаг. Тууштай байх ёстой.
Манай залууст тууштай зан бага болж байгаа юм шиг санагддаг. Шинэ ажил эхлүүлээд явж байгаад болохгүй, бүтэхгүй болонгуут уйдаад хаячихдаг байх жишээтэй. Хэрвээ үнэхээр эхлүүлсэн ажилдаа итгэл үнэмшлээ өгсөн тохиолдолд ямар ч бэрхшээл гарсан заавал эцсийг нь л үзэх хэрэгтэй. Эцсийг нь үзнэ гэдэг заавал амжилттай байх биш, муу ч байж болно. Бүтэлгүйтэж ч болно. Түүнийгээ л үзэх ёстой.
Та амьдралдаа сонсож байсан хамгийн чухал зөвлөмжөөсөө хуваалцана уу?
Бусдаас сонссон зүйл зөндөө. Мэдээж гэр бүлийнхээ хүний үгийг сонсоно, тэр хүн намайг хамгийн сайн мэддэг учраас сайн зөвлөгч байж чаддаг. Энэ нь ч ажил амьдралд маань маш их хэрэг болдог. Хоёрдугаарт, хамтран ажилладаг хүмүүс, олон жил хамтарч ажилласан удирдах ажилтнуудынхаа үгийг сонсоно.
Тухайлбал, Ж.Оджаргал захирал. Түүний хэлсэн үг бүр үнэ цэнэтэй байдаг. Тэр хэзээ ч хоосон үг хэлдэггүй. Хүн хэлэхээсээ өмнө дандаа бодох ёстой. Сул үггүй, үг болгон нь утга учиртай байх нь их чухал юм билээ. Оджаргал захирал Төрийн ордонд залууст сүүлд лекц уншихдаа бизнесийн амжилтынх нь нууц хамт олных нь итгэлцэл байсан гэж хэлсэн.Бизнесийн амжилт хувь хүн гэхээсээ илүү хамт олны итгэлцэл, уур амьсгалтай холбоотой гэж хэлсэн нь надад маш гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн. Энэ яах аргагүй үнэн.
Та ажил дээрээ сөрөг болон эерэг сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг вэ. Түүнийгээ хэрхэн илэрхийлдэг вэ?
Сүүлийн үед ном уншиж байгаа, би буддын сургаалийг сонирхдог. Буддын сургааль дотроос бясалгалтай холбоотой сургаалийг уншиж байна. Энэ сургаальд аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэхээсээ өмнө заавал тунгааж бодож ажиглах хэрэгтэй гэж сургадаг. Тэр философи сургаалийг өөртөө суулгах гэж оролдож байгаа. Хэцүү шүү дээ. Хүний нийгэмд амьдарч байгаа улс, хүн гэдэг бол өөрийнхөө би гэдгээс салсан байх ёстой, бүгд би би гээд байвал хэн нь чи болох вэ? Харилцааны хувьд хэцүү болно шүү дээ. Тийм учраас хүмүүс хоорондоо нөхцөл байдлын тухай янз бүрийн сургаалийг үзэж байх хэрэгтэй. Шашин гэдгээр биш цэвэр өөрийгөө таньж мэдэх талаас нь л унш гэж байгаа юм.
Хүн өөрийгөө таниад ирэхийн цагт уургүй болно. Хорвоогийн олон зүйл шалтгааныг ойлгоод ирэхийн цагт бид хүлээцтэй байх ёстойг ойлгодог болно. Эдгээр нь буддын сургаальд хамгийн ойр байдаг юм шиг санагдсан.
Монголчуудын нийтлэг дутагдал хүнийг шүүмжлээд л байдаг. Өөрийгөө мэдээгүй байж хүмүүсийг янз бүрээр дүгнэж байна. Мэдэхгүй чадахгүй зүйл алга. Хүн өөрийгөө танихад бусдын тухай зөв бодолтой болно л гэсэн үг. Өөрийгөө танина гэдэг өөрийгөө удирдах, ойлгох тухайд л ярьж байгаа юм.
Томоохон шийдвэр гаргах үедээ зөн совингоо дагадаг уу? баримт мэдээлэлд тулгуурладаг уу?
Ер нь бол явж явж мэдлэг их чухал. Их мэдлэгтэй хүн зөв шийдвэр гаргадаг. Гэхдээ аль аль нь байна гэсэн үг. Тэгэхээр статистик, зөн совин хоёул байж болно. Зөн совин гэдгийг туршлага талаас нь илүү авч үзэж байгаа, түүнээс дээрээс орж ирдэг онгод ид шидийн тухай биш. Ажил нь амжилттай сайн яваа хүмүүсийг цаанаасаа аз түшдэг гэдгийг олон номноос уншиж байсан, бишгүй ч хүний амнаас энэ тухай өмнө нь сонсож байлаа.
Энэ юу вэ гэхээр ажилч хичээнгүй хүнийг аз үргэлж дагаж явдаг. Амнаас нь дандаа буруу бүтэхгүй зүйл гардаг хүний ард бас нэг тийм азгүйтэл дагалдаж явдаг ч байх талтай, амьдралаас харж байхад шүү дээ. Нөгөөтэйгүүр мэдлэгтэй байх тусам сайн шийдвэр гаргадаг. Хоёрдугаарт, ууртай шийдвэр хэзээ ч зөв байдаггүй. Ууртай үедээ шийдвэр гаргачихаад дараа нь түүнээсээ ичдэг. Ямар нэг шийдвэр гаргахдаа сэтгэлээ их амар амгалан, тайван байлгах хэрэгтэй. Мөн тухайн удирдагч ажлаа яг таг мэддэг гол хүмүүсийнхээ үгийг сайтар сонсож, дүгнэлтүүдийг авч байж дараа нь шийдвэрээ гаргах нь маш чухал. Энэ нь илүү оновчтой байдаг.
Таны өөртөө оруулсан хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юу вэ?
Өөртөө оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бол энэ компанидаа удаан ажилласан юм уу даа. Товчхондоо, энэ цаг хугацаа. Үүн дээр нэмээд миний итгэл үнэмшил байх л даа. Хүмүүс зам мөрөө хөөгөөд гадагшаа сурах гэх мэтээр өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийдэг. Харин би өөртөө “Цаашдаа энэ компанид байх учраас бусад зүйлүүдийг золиослоно” гэж хэлсэн.
Компанийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрөө өөртөө итгэл өгч, өөрийнхөө итгэл үнэмшилд хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. Энэ хөрөнгө оруулалтын маань үр дүн одоо гарчихсан явж байна.Цаашид хөрөнгө оруулалтыг мэдлэг боловсролд л оруулах ёстой гэж бодож байгаа. Манай компани нийгмийн сайн сайхны төлөө ажлууд хийдэг энэ дотроос боловсролд л хөрөнгө оруулдаг. Ямар нэг байдлаар мөнгө илүүчлэх, хуримтлал үүсгэх юм бол ерөөсөө мэдлэг боловсролд л хөрөнгө оруулах нь чухал.
Орчин үед бүх зүйл инноваци буюу мэдлэгт суурилсан өрсөлдөөн үүсч байгаа учраас механик зүйл гэхээсээ илүү мэдлэг рүү чиглэх ёстой. Эргээд тэр мэдлэг асар том ашиг орлого дээрээс нь үнэт зүйлсийг бий болгодог. Үндсэндээ боловсролд оруулсан хөрөнгө оруулалт хэзээ ч шаталт болохгүй гэсэн үг.
Танд ментор байдаг уу. Тэднээс юуг суралцдаг вэ?
Би хамт олноосоо, хэрэглэгчдээсээ, хамтарч байгаа ханган нийлүүлэгчдээсээ ихийг сурч байна. Манай ханган нийлүүлэгч, партнер компани гэхэд дэлхийн томоохон компаниуд байж байна.
Би MCS группт байхдаа маш их зүйл сурсан. MCS бол лидерүүдийн “уурхай”. Наад захын, хүнтэй яаж харилцах вэ? Шийдвэр яаж гаргах вэ? Багийн ажиллагаа, манлайлал гэж юу юм гэдгийг сургалтын тусгай программаар хүмүүст хүргэнэ. Дээрээс нь өөрсдөө биеэрээ үлгэрлэж үзүүлнэ.
2013 оноос хойш би хамтардаг компаниудынхаа лидерээс их суралцаж байна. Сүүлийн үед би олон нийтийн сайн дурын ажил хийж байгаа. Энэ ажилд олон залуус бас ажилладаг. Тэр залуусаас их зүйлс суралцдаг. Нийгэм, соёл эдийн засаг хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ хурдыг, тэр мэдрэмжээ бас өөртөө хадгалж байх хэрэгтэй. Тийм учраас манай олон нийтийн ажлуудад янз бүрийн компанийн олон талаас ирсэн, өөр өөр үзэл бодолтой залуус ажилладаг. Би ер нь буцаж байгаа хүнээс биш урагшилж байгаа хүнээс л суралцахыг боддог. Урагшилж байгаа, дэвшиж байгаа хүмүүс нүдэнд ил шүү дээ.
Шинээр удирдах албан тушаалд очиж байгаа хүнд та ямар зөвлөгөө өгөх вэ?
Шинэ CEO ихэнх тохиолдолд санамсаргүй болчихдоггүй юм. Компаниудын хувьд CEO болгох хүнээ их бэлддэг. Ялангуяа өмнөх CEO нь дараагийнхаа бэлдэнэ. Ер нь бэлтгэл маш их хийдэг. CEO болохоос нэг хоёр жилийн өмнө үүрэг өгөөд олон талаас нь бэлдэж байж тэр хүнийг тавьдаг болохоор гэнэтхэн “Чи CEO бол, ингэ тэг” гэх нь амьдрал дээр бага. Тэгээд ч старт-апын CEO-г том компанийнхтай харьцуулалтгүй. CEO дотроо олон янз, хамгийн сүүлд Болор захирлын гаргасан CEO гээд ном бий. Болор захирал өөрийнхөө туулсан туршлагаас бичсэн байна лээ. Тэр номноос анхаарч авах олон зүйл, ур чадварууд байгаа. Жишээлбэл, гуравхан хүнтэй компанид хүний нөөцийн бодлого байх шаардлагагүй. Гурван хүн хоорондоо ойлголцоод явах асуудал. Хүн болгоны ур чадвар, баримталдаг зарчим өөр. Тийм болохоор CEO боллоо гэхэд тухайн хүний мөн чанар, арга барил нь байж л байдаг.
Нэг ёсондоо CEO болгон өөрийн гэсэн арга барилтай. Гэхдээ зорилго нэг. Компанийг ашигтай ажиллуулах, хамгийн үр ашигтайгаар тогтвортой хөгжүүлэх гэсэн л зорилготой.
Тийм учраас тухайн CEO-д үндсэн зорилгыг нь ойлгуулах ёстой гэж бодож байна. Тухайн CEO-д “Чи компанийнхаа зорилгыг маш тодорхой ойлго, түүнийхээ төлөө юу хийхээ гарга” гэдгийг л шаардана. Өөр юм байхгүй.
Та ажилтнаа хэрхэн халдаг вэ. Юуг үндэслэж халах шийдвэр гаргадаг вэ?
Бид гурван зарчим л баримталдаг. Явж байхдаа зорилго нь өөрчлөгдөж, өөр хүмүүстэй нэгдэх хүсэл эрмэлзэл төрсөн байж болно. Энэ зарчмаасаа хазайсан тохиолдолд бид хоёр тийшээ болдог гэсэн үг. Зарчмаасаа зөрсөн, үндсэн зарчимтайгаа нийцэхгүй байна гэдэг тохиолдолд л хоёр тийшээ болж байгаа. Дээрээс нь гадагшаа сургуульд явах, эсвэл ажлаасаа халагдах Хөдөлмөрийн хуулийн дагуу зөрчлүүд байна. Гэхдээ энэ бол механик зүйл. Хамгийн гол нь бизнесийн үндсэн зарчмаасаа зөрсөн хүмүүстэйгээ гэрээгээ цуцалдаг.
Хэрвээ та өөрөөсөө ахмад хүнийг удирддаг бол, тэдэнтэй ажиллахдаа юуг анхаардаг вэ?
Бид ахмад хүмүүсээ хүндэлдэг, манай компанийнхан ахмадуудыгаа жил бүр хүлээж авдаг, ажлын байр ч хадгалдаг. Тэдэнтэй ажиллахад ямар ч асуудалгүй шүү дээ. Яагаад гэвэл, би олон ах эгчтэй учраас ахмадуудтай ажиллахад хүндрэл маш бага. Ахмадууд маань ч асуудлыг ойлгож, залуустайгаа аль болох ойрхон байгаасай гэж зөвлөдөг. Манайд ахмадууд гээд ялгаад байх зүйл их бага.
Та өөрийнхөө ямар зарчмуудыг ажилтнууддаа харуулж, ойлгуулахыг хүсдэг вэ?
Удирдагч хүн заавал бүх хүнд таалагдах ёсгүй. Би өөрийнхөө зорилгоо л гол болгож, хүмүүстээ маш сайн харуулахыг хичээдэг юм. Зорилгынхоо төлөө л явна. Тухайн ажилтан хувийн араншин гаргавал зарим тохиолдолд уурлах, янз янзын л зүйл болно. Зорилгыг нь тодруулаад хүрэх үр дүнг нь харуулсан тохиолдолд баг хамт олон хамтарч нэгдэж нягтарч, нэг зүг рүү явж чаддаг. Ингээгүй тохиолдолд тухайн баг дотор янз янзын зөрчил үүсдэг, бий болдог.
Таны бодлоор удирдагч хүний хийх ёстой, анхаарах ёстой хамгийн чухал гурван ажил үүрэг юу вэ?
Би өнгөрсөн жил старт-аппуудыг нэлээн судаллаа, явлаа. Үүнээс харахад бэлэн тэгнэ ингэнэ гэсэн алтан жор байдаггүй юм байна. Залуу старт-апп компаниудад хэлэхэд мэдлэгээ л сайн зузаатга.
Судалгаа шинжилгээ, мэдлэгээ нэн түрүүнд сайжруул, хоёрдугаарт тууштай бай.
Өөрөө эхлүүлсэн бол эцсийг нь үзэх ёстой биз дээ. Бизнес гэж юу гэдгийг ойлгоогүй байж старт-апп хийгээд явж байгаа олон залуу байна. Би сүүлийн туршлагаасаа харахад манай старт-апп хийж байгаа залуус бусад орны залуусаас хамаагүй сул. Мэдлэг нь сул байна. Старт-апп гэдэг компани дурын хүний хийдэг ажил биш. Мэдлэгтэй боловсролтой, тодорхой хэмжээний туршлагатай хүмүүс хийдэг гэдгийг би хэлэх гээд байна. Би Сингапур, Япон, Тайвань, ОХУ, Украйн, Казакстанаар яваад старт-апп хийж байгаа хүмүүстэй уулзлаа. Тэнд мэдлэгтэй боловсролтой болж байж л старт-апп компани руу орж байна. Их сургууль, арван жилээ хаяад старт-апп хийнэ гэж байдаггүй. Тийм нь хэдэн саяд л нэг байх. Харьцуулаад Сингапур залууг аваад үзье л дээ. Арван жилийн боловсрол асар өндөр, бизнесийн тухай мэдлэг маш сайн. Бизнес гэдэг юм аа тэд ядаж мэдэж байна шүү дээ. Бизнесээ бид нар мэдэхгүйгээр старт-апп байгуулаад бүтэхгүй. Ядаж ашиг орлого гэж юу вэ гэдгийг Сингапур залуус арван жилдээ байхдаа мэдчихсэн байдаг. Тэгээд арван жилээ төгсөөд оюутан болсон хойноо старт-апп хийж байна.
2018.09.17.
Өсөх Зам номноос.