November 28, 2018
Юуны өмнө компанийн тань 20 жилийн ой болж байгаад баяр хүргэе. 20 жил гэдэг бол хүний амьдралаар бүтэн нэг үе солигдох урт хугацаа. Анх байгуулагдаж байсан үеэ дурсвал залууст их сонин байх байх, анх тавьсан зорилго хэр биелэгдэв, өнөөдөр ямар түвшинд хүрсэн байгаа талаараа бидэнтэй хуваалцаач?
За их баярлалаа. Тиймээ, юуны өмнө бидэнд итгэл найдвар хүлээлгэн үргэлж дэмжин, хамтран ажилладаг нийт харилцагчдадаа, хамтрагч түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Анх байгуулагдаж байсан үеэ дурсвал 1997 онд Монголын мэдээллийн технологийн салбар дөнгөж л хөгжиж эхэлж байлаа. Тэр үед өргөн тархсан дэд бүтэц, Интернэтийн хэрэглээ гэж бараг байсангүй, харин байгууллагын зах зээлд мэдээллийн технологи (МТ)-ийн дотоод сүлжээ, оффис програмуудын хэрэглээ өсөн нэмэгдэж байсан,цаашид дэд бүтэц тархсанаар хувь хүн, өрхийн зах зээл рүү технологийн хэрэглээ хурдацтай тэлэх хандлага, боломжийг харснаар манай компани байгуулагдаж байсан болов уу.
Өнгөрсөн 20 жилд дэлхийн МТ-ийн салбар бараг гэрлийн хурдаар гэж хэлж болохоор үсрэнгүй хурдан хөгжлөө, түүнийг дагаад Монголд ч танигдахын аргагүй томоохон өөрчлөлт, хөгжил дэвшил бий болсон байна. Бид энэ 20 жилийн хичээл зүтгэл, хийж бүтээсэн ажлуудаараа салбарынхаа хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулаад явж байгаадаа их баяртай байгаа.
Анх манай компани компьютерын худалдаа үйлчилгээ эрхлэх зорилгоор 10-аад хүнтэй байгуулагдаж байсан бол өнөөдөр 250 гаруй ажилтантай, МТ-ийн гол чиглэлүүд болох програм хангамж, тоног төхөөрөмж, мэргэжлийн үйлчилгээ, систем интеграцчлал, автоматжуулалтын чиглэлээр олон төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээлд санал болгодог, дэлхийн МТ-ийн хөгжлийн чиг хандлагуудыг тодорхойлогч томоохон компаниудтай хамтран ажилладаг төрийн болон бизнесийн бүх салбарт хүрч үйлчилдэг компани болж өргөжин тэлсэн байна. Мөн бид 2014 онд МҮХАҮТ-аас шалгаруулдаг шилдэг 100 ААН-ийн 55-р байранд орж байсан. Энэ нэр хүндтэй жагсаалтад багтахын тулд борлуулалт, цэвэр ашгийн хэмжээ, ажилчдын тоо, татвар, нийгмийн даатгалд төлсөн дүн гэх мэт олон шалгуур үзүүлэлтийг хангах шаардлагатай байдаг юм билээ.
Бид МТ-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуд дотроос анх удаа энэ жагсаалтад орж байснаараа бахархдаг, яагаад гэвэл манай хамт олны хичээл зүтгэл улс нийгмийнхээ хөгжилд бодит хувь нэмрээ оруулаад явж байгааг харуулсан үйл явдал болсон гэж боддог.
Ер нь тухайн компани анх байгуулагдахдаа юу хийхээр зорьсон нь тийм ч сонин биш, харин үүнээс чухал зүйл бол уг компанид бий болж буй дотоод соёл, ажилтнуудынх нь эерэг хандлага, чин эрмэлзэл, ур чадвар зэрэг нь урт хугацааны хөгжил, дэвшлийн хувь заяаг нь тодорхойлдог юм боловуу гэж боддог.
Жишээ нь Amazon компани анх номын онлайн худалдааны бизнес эхэлж байхдаа дэлхийн хамгийн том үүлэн тооцооллын компани болно гэж төсөөлж байгаагүй л болов уу. Бизнесийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага хүссэн хүсээгүй цаг үеэ дагаад хувьсан өөрчлөгдөж байдаг тул бид байнга шинэ зүйлд суралцаж, өөрсдийгөө хөгжүүлж, шинэ санаа олж сэдэж, хэрэгжүүлдэг арга барил, соёлыг компанидаа бий болгохоор хичээн ажиллаж байна. Ийм соёлыг бат бөх бий болгосноор бидний урт хугацааны тогтвортой хөгжлийн дархлаа бүрдэнэ гэдэгт итгэл үнэмшилтэй байдаг.
Орчин цагт МТ-ийн хэрэглээ бүх түвшинд асар өндөр болжээ. Цахим хувьсгал, үйлдвэржилтийн 4-р үе гэж дэлхий нийтээрээ шуугьж байна. МТ-ийн компанийн хувьд шинэ боломжуудыг хэрхэн харж байна вэ?
Бид дэлхийн технологийн болон бизнесийн чиг хандлагуудыг анхааралтай судалсны үндсэн дээр компанийнхаа дунд хугацааны бодлого чиглэлээ гаргахыг эрмэлздэг. Бизнесийн бүх салбарт өрсөлдөөнд амьд үлдэх, давуу тал олж авах, хэрэглэгчдийнхээ зан төлөв, хүсэл шаардлагыг илүү сайн мэдэрдэг болох, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд хурдан нэвтрүүлэх, борлуулалтын сувгуудаа нэмэх, тогтмол зардлаа бууруулах, бүтээмжээ дээшлүүлэх гэх мэт сорилт, боломжууд цахим хувьсгалын үр нөлөөгөөр гарч ирж байна.
Цахим хувьсгалын хүрээнд шинэ бизнесийн боломжуудыг нээж өгч буй суурь технологи, ойлголтууд болох BigData, Social, Mobility, Analytics, Cloud, AI, Robotics, IoT, VR/AR, Drone, Blockchain, Fintech, 3D printing, Driverless Car зэрэг нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болоод эхэллээ. Энэ шинэ давлагаа бизнесийн ертөнцийг тэр чигт нь доргиож, өөрийн эрхгүй эдгээр технологи, чиг хандлагуудын бодит хэрэглээг нь судлах, суралцах, ашиглах, үр шимийг нь хүртэх сонирхол хүн бүрд бий болчихлоо шүү дээ. Үнэндээ тухайн технологийг ямар зорилгоор, юунд ашиглах вэ гэдэг дээр дэлхий нийт ухаанаа уралдуулж байна, жишээ нь дрон бол техник талаас нь харвал зүгээр л нэг жижиг нисдэг биет, гэтэл үүнийг бараа хүргэлт, түгээлтэд ашиглаад эхэллээ, мөн өндөр хүчдэлийн цамхаг дээрх цахилгааны гэмтлийг дрон ашиглан тодорхойлдог болсон гэх мэт хязгааргүй их боломж, дэвшлүүдийг хүний амьдралд нээж өгч байна.
Дотоодын зах зээлд ажилладаг бидний хувьд бодит нөхцөл байдлаа зөв үнэлж, түүндээ тулгуурлаж үйл ажиллагаа явуулахаас өөр аргагүй, гэхдээ бид ирээдүйгээ тун өөдрөгөөр харж байгаа. Дэлхийн МТ-ийн зах зээл ирэх 3 жилд дунджаар 3-4% өснө гэж Гартнер (технологийн чиг хандлага, судалгаа үнэлгээний компани) прогноз гаргасан. Хоёр триллион ам долларын маш том хэмжээтэй зах зээл учраас энэ бол том өсөлт юм. Тэр дундаа програм хангамж, мэргэжлийн үйлчилгээний чиглэлүүд илүү өндөр өсөлттэй байх дүр зурагтай байна. Тэгэхээр бид дэлхийд сүүлийн үед гарч ирж байгаа шинэ технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээ санал болгодог компаниудтай түлхүү хамтран ажиллаж, дотоодын харилцагч байгууллагууддаа нэвтрүүлж, шинэ үнэ цэнэ түгээх зорилготой ажиллаж байна.
Мөн сошиал медиа хүний амьдралд чухал үүрэгтэй болжээ. Залуусын дунд явуулсан судалгаанд 60% нь хаашаа, хэзээ, юунд явах, юу худалдаж авахаа нийгмийн сүлжээ харж шийддэг гэж хариулсан байдаг. Иймд бид сошиал сүлжээнд ойр байж, хэрэглэгчдийг анхааралтай сонсох, тэдний анхаарлыг татах контент бэлдэж түгээх смарт маркетингийн үйл ажиллагаа явуулж байна. Бас ухаалаг гар утасны хэрэглээ хүн амын бараг 80%-д хүрчихлээ. Мэдээлэл авах, худалдаа наймаа хийх, зугаацах, ажлаа төлөвлөх, чат, харилцаа холбоо гээд хүний бүхий л хэрэгцээ гар утсан дээр хийгддэг болсныг бид бүхэн мэднэ. Шинэ гарч ирж байгаа үе, өөрөөр хэлбэл 35-аас доош насныхан технологийн хэрэглээгүйгээр амьдрах боломж бараг үгүй болж байх шиг байна. Тэгэхээр энэ хүлээлтэд нийцүүлэн бид програм хангамжийн шийдлүүдээ хөдөлгөөнт төхөөрөмжүүдэд зориулан хөгжүүлээд явж байгаа гэх мэт олон боломжууд бидэнд нээгдэж байна.
Олон сайхан боломжууд нээгдэж байгаа юм байна, тэгвэл ямар сорилтууд тулгарч байна вэ?
Бид харилцагч бүрийнхээ амжилтыг хурдасгахын тулд тэдний хэрэгцээ, хүлээлтэд нийцсэн, бодит үнэ цэнэ бий болгох технологийн шийдэл, үйлчилгээг хүргэдэг итгэлтэй түнш нь байх эрхэм зорилготой ажилладаг.
Нэгдүгээрт, бид технологийн компанийн хувьд шинээр гарч ирж байгаа, бизнесийн салбарт үр өгөөжтэй, үнэ цэнэ бий болгох технологийн шийдлүүдийг байнга судлах, эзэмших, үйлчилгээ үзүүлэх чадавхад суралцах, түүнд хүн хүч, хөрөнгө, цаг нараа зарцуулах ёстой. Хоёрдугаарт, бид харилцагчдынхаа нийтлэг болон онцгой хэрэгцээ шаардлага, хүндрэлтэй асуудлуудыг нь ойлгохыг хичээж ажиллах ёстой.
Бид хэдийгээр хамгийн сайн МТ-ийн үйлчилгээ үзүүлдэг компани байхыг эрмэлздэг ч яг тухайлсан салбарын нарийн төвөгтэй асуудлуудыг гүн гүнзгий мэдэрч ойлгох нь манай компанийн хувьд тийм амар зүйл биш. Бид харилцагчаа илүү сайн ойлгохын тулд олон улсад амжилттай явж байгаа түнш компаниудын ижил төстэй асуудал шийдсэн, амжилттай болсон туршлагуудыг нь судлах, мөн түүнчлэн харилцагчдынхаа дунд олон чиглэлээр уулзалт семинар хийж, салбар бүрийн технологийн болон бизнесийнх нь бэрхшээл, тулгамдсан асуудлуудыг нь анхааралтай сонссоны үндсэн дээр технологийн шийдлийг нь санал болгохыг хичээдэг.
Дэлхий улам хавтгай болж байгаа энэ үед бид олон улсын сайн туршлагуудыг аль болох хурдан нутагшуулж байж хөгжил дэвшлээс хоцрохгүй. Дэлхийн ихэнх том компаниуд Монголын зах зээлийг хэт жижиг, борлуулалтын хэмжээ бага гэх шалтгаанаар онцгой анхаарал хандуулж, сайн үйлчилгээ үзүүлэх тал дээр хойрго ханддаг. Энэ нь бас бидэнд томоохон сорилтуудыг авчирдаг.
Цахим эрин үед бүх ААН-д хэрэглэгчээ илүү мэдрэх, тэдний хэрэгцээ шаардлагыг гүнзгий ойлгож, түүнд тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгох шаардлага улам бүр тавигдаж байна. Манайх технологийн компани учраас ихэнх ажилтнууд маань техник, инженерийн боловсрол эзэмшсэн байдаг. Гэтэл биднээс бизнес сэтгэлгээтэй байх, салбар, бизнесийн нарийн төвөгтэй асуудлуудыг тодорхой түвшинд ойлгож, мэддэг байхыг зах зээл шаардаж байна.
Бид энэ сорилтыг даван туулахын тулд ажилтнуудынхаа дунд өгөөжтэй, мэдлэг чадвар үлдээсэн, төрөл бүрийн урт хугацааны сургалтууд зохион байгуулах зорилгоор 2016 онд ITZone Academy-г байгуулсан. Академи маань СЭЗДС- ийн багш нартай хамтраад MiniMBA гээд бүтэн жилийн хөтөлбөртэй, бизнес сэтгэлгээг хөгжүүлэх, үндсэн ойлголтуудыг өгөх сургалтыг дотроо явуулаад дууссан. Мөн түүнчлэн Entrepreneurship, Certified Sales, Certified Engineer, Big Projects, Public Speaking гэх зэрэг 2-6 сар үргэлжлэх цогц хөтөлбөртэй сургалтуудыг хийгээд явж байна. Бид өмнө нь богино хугацаат сургалтуудад хүмүүсээ маш их хамруулдаг байсан, гэвч үр дүн нь төдийлөн харагдахгүй байсан тул урт хугацааны сургалтын арга барилд шилжсэн, энэ нь ч бизнест бодит үр дүнгээ өгч байна. Сургалтад хамрагдсан залуус маань асуудлыг явцуу хүрээнд биш илүү том зургаар нь, бизнес талаас нь харах, багаар ажиллах ур чадварууд эрс дээшилж байна.
Ийм сургалтын дараа ажилтнуудын дунд хандлагын, хариуцлагын, санаачилгын, мэдлэгийн томоохон эерэг өөрчлөлтүүд бий болдгийг бид олж харсан. Бидний бас нэг гол ялгарал бол мэргэшсэн өндөр ур чадвартай инженерүүдтэй байх явдал юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификат авах, тодорхой үйлчилгээг үзүүлэх эрхтэй болохын тулд инженерүүдээс маань нэлээд урт хугацааны хүч, зүтгэл шаарддаг. Бид өнгөрсөн хугацаанд инженерүүдээ гадаад, дотоодод сургаж, мэргэшлийг нь байнга дээшлүүлэх тал дээр багагүй хөрөнгө оруулалт хийсээр ирсэн, энэ хөрөнгө оруулалтаа цаашид ч бид үргэлжлүүлэн хийх болно.
Нөгөө талаас компани доторх чадавхаа байнга дээшлүүлж явлаа ч бүгдийг судлах, ойлгож, мэдэхэд цаг хугацаа, хүн хүч хүрэхгүй тул бусад дотоодын ААН, их дээд сургууль, хувь хүмүүстэй зарим чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах хэлбэрүүдийг судалж, хамтдаа амжилтад хүрэх бодлогыг баримтлан ажиллаж байгаа.
Компанийнхаа цаашдын хэтийн зорилгоосоо хуваалцвал? Яг ямар чиглэлүүд дээр илүү анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?
Бид “Таны Амжилтыг Хурдасгана” гэсэн эрхэм зорилгынхоо хүрээнд доорх зорилтуудыг авч үздэг. Бидний үйлчилгээг авснаар харилцагчид маань технологи ашиглан бизнесээ шинэ түвшинд гаргах, хэрэглэгчдийнхээ тав тухыг хангаж, үйлчилгээгээ хялбар, хүртээмжтэй, найдвартай, тасралтгүй үзүүлэх, чухал бус асуудлууддаа сатааралгүй үндсэн бизнестээ илүү анхаарлаа хандуулж ажиллах, тогтмол зардлаа бууруулах, цаг их авдаг гар ажиллагаануудаа багасгаж бүтээмжээ дээшлүүлэх боломжтой болох гэх зэрэг үндсэн зорилтуудыг агуулдаг.
Тиймээс бид төвлөрч ажиллах гол чиглэлүүдээ өөрсдөө зөв тодорхойлоод, түүндээ чадавхаа бүрдүүлээд ажиллаж чадвал Мэдээллийн Технологийн бүх түвшинд бизнесийн боломжууд нээлттэй хэвээрээ байгаа. Сүүлийн 10-аад жил дотоодын компаниуд бүтээгдэхүүний ялгарал, тэр дундаа сав баглаа боодол, чанар дээр нэлээд анхаарч ирсэн. Харин сүүлийн үед ISO стандарт, төслийн менежмент гэх мэт үйл ажиллагааны төгөлдөршил (Operational Excellence), мөн Харилцагч Төвт (Customer-Centric) стратеги дээр илүү их анхаардаг болж. Эдгээр ялгарлын стратегийг хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй тоон өгөгдөл, аналитик дээр суурилсан шийдвэрүүд хэрэгтэй, үндсэн өгөгдөл нь мэдээж өдөр тутмын үйл ажиллагаанаас хуримтлагдаж бий болно. Тэгэхээр бид програм хангамжийн хэрэглээний өсөлт улам бүр нэмэгдэх юм байна гэж харж байгаа. Үүнд санхүү, харилцагчтай түншлэх, хүний нөөц, худалдан авалт, нийлүүлэлт, түгээлтийн процессуудыг автоматжуулсан ERP- ийн шийдлүүдийн хэрэгцээ нэмэгдэж, бизнесийн шинэ боломжууд бий болно гэсэн хүлээлттэй байгаа тул бид цаашид энэ чиглэлээр тасралтгүй хөгжүүлэлтээ хийгээд явах болно.
Дараагийн нэг бидний анхаарлаа хандуулж ажиллах том сэдэв бол Мэдээллийн Аюулгүй байдал. Энэ бол сервер, сүлжээ, програм хангамж, өгөгдлийн баз, вэб, эцсийн хэрэглэгч, ерөнхий хяналт, удирдлагын гэх зэрэг 20 гаруй чиглэлээр хөгжиж байгаа маш том сэдэв юм. Цахим хувьсгал гарснаар өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдлын асуудал урьд хожид байгаагүйгээрээ хурцаар тавигдах болсон. Үүний нэг илрэл нь томоохон компаниуд зөвхөн мэдээллийн аюулгүй байдлаа хангахын тулд тусгайлсан технологийн төвийг дотроо байгуулдаг боллоо. Бид энэ сэдвийн хүрээнд нэлээд олон чиглэлээр дэлхийн голлох хандлагыг барьж буй компаниудтай хамтын ажиллагаа тогтоож, мэргэжлийн чадавх бүрдүүлэн зах зээл дээр амжилттай ажиллаад явж байна, цаашид ч энэ чиглэлээр илүү идэвхтэй ажиллах болно.
IoT буюу Юмсын Интернэт нь эцсийн хэрэглэгч дээрх хэмжүүр төхөөрөмжүүд, дэд бүтэц, өгөгдлийн баз, платформ гэх зэрэг хэсгүүдээс бүрддэг. Бид хэсэг бүр дээр судалгааны ажлууд хийж байгаа, зарим хэсэг дээр тодорхой шийдлүүд дээр ажиллаж байна, одоохондоо нийтийн хэрэглээнд нэвтрэх байдал арай эрт байгаа ч энэ сэдэв дээр маш их боломжууд гарч ирнэ гэж харж байгаа.
Хэрэглэгчдийн үүсгэж буй дата жилээс жилд хурдацтай өсөж байгаа тул BI буюу өгөгдлийн шинжилгээ, data mining, AI буюу хиймэл оюун, их өгөгдөл, нээлттэй, хаалттай өгөгдлийн шийдлүүд дээр бид анхаарал хандуулан ажиллаж, тодорхой түвшний ажлын туршлагууд ч хуримтлуулаад байна, цаашид бид бизнесийн хэрэглээ талаас нь, харилцагчдад ямар өгөөж, шинэ боломжууд нээх талаас нь илүү судлах зорилго тавин ажиллаж байна. Систем интеграцчлал, автоматжуулалтын бизнес дээр бид өнгөрсөн хугацаанд барилгын дохиолол, холбоо, аюулгүй байдал, хяналт, удирдлага, автоматжуулалт, ухаалаг гэр, ухаалаг оффис, ухаалаг барилгын чиглэлээр нэлээд олон төслүүдийг хэрэгжүүлсэн. Энэ чиглэлээр дэлхийн нэр хүндтэй томоохон компаниудтай хамтран ажилладаг. Технологийн хувьд цаашид IoT чиглэлээр илүү хөгжих байх. Тийм учраас бид IoT software платформ хийж, өөрийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа.
Дэлхийн бизнесийн ертөнц дэх сүүлийн үеийн хамгийн халуун сэдэв бол “хурд” болоод байна, хэн бусдаас түрүүлж хурдан хөдөлж, шинэ бизнес модель гаргасан нь ялах уралдаан болж байна. Үүний тулд компаниуд гол фокусаа үндсэн бизнестээ зориулж, шинэ түвшинд гаргахын тулд бүх хүч ухаанаа дайчлах шаардлага бий болж байх шиг байна. Гэвч үүнтэй зэрэгцээд аливаа компанийн бизнесийн үйл ажиллагааг дэмжиж, хэвийн, тасралтгүй авч явахын тулд туслах функцүүд ажилладаг.
Эдгээр ерөнхий үүрэгтэй функцүүдийг өөрсдөө компани дотроо хөгжүүлж авч явахын оронд мэргэжлийн компаниудаас аутсорсинг үйлчилгээгээр авах хэлбэрийг илүүд үзэх болж. Монголд ч энэ үйл явц жам ёсоор орж ирж байх шиг байна, эхний үед зөвхөн гадны хөрөнгө оруулалттай ААН-үүд аутсорсинг үйлчилгээ авдаг байсан бол одоо дотоодын компаниуд мэдээллийн технологийн үйлчилгээнүүд, хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт, судалгаа, өдөр тутмын оффис цэвэрлэгээ, утасны дуудлагын үйлчилгээ, тээврийн хэрэгсэл, жолооч, түгээлт, гаалийн бүрдүүлэлт, агуулахын менежмент гээд маш олон чиглэлээр аутсорсинг хийдэг болж эхэлж байна. Чаддаг юмаа л маш сайн хийе, сайн чадахгүй юмаа чаддаг хүмүүст нь даатгаад явья гэсэн хандлага бизнесийн талбарт бий болж байна. Жим Коллинс “Сайнаас Агууд” гээд бэст селлер номонд “бусдаас илүү хамгийн сайн хийж чадах зүйлээ сонгоод тууштай зүтгэ, дундаж хийдэг юмаа бусдад орхи” гэсэн санаа хэлсэн байдаг нь энэ чиг хандлагатай бас уялдаж байх шиг байна.
Тухайн байгууллага бүх зүйлд эксперт болохын тулд маш их хөрөнгө, цаг хугацаа, хүн хүч зарцуулах нь ойлгомжтой асуудал л даа. Үндсэн бизнест нь үнэхээр чухал биш бол тийм хөрөнгө оруулалт үр ашиггүй. Үүний оронд аутсорсинг хийгээд явах нь илүү цаг хожиж, менежментийн цаг, зардал бууруулсан зөв алхам болдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.
Би өөрийн компани дээрээ авч хэрэгжүүлж байгаа нэг жишээ дурдъя. Нэг ААН өөрийн гэсэн 10 машин, 10 жолоочтой гэж бодъё, үүнд машинаа худалдан авах хөрөнгө оруулалтаас авхуулаад элэгдэл, гараж, татвар хураамж, гэнэтийн осол, эвдрэл гэмтэл, урсгал засвар, үйлчилгээ, дугуй, бензин, тос, жолоочийн цалин, урамшуулал, менежерийнх нь удирдлагаар хангах цагийн хөлс, стресс гээд маш их зардлууд гараад явдаг. Гэтэл энэ бүх зардлаа тооцож үзээд түүнээс бага зардлаас үйлчилгээний хөлс тохироод аутсорсинг хийгээд явж болно.
Энэ жишээтэй адилхан аутсорсинг хийх боломжтой бүх үйлчилгээн дээр давуу талууд болох урт жагсаалт гарна. Ер нь аутсорсинг хийхэд маш их давуу талууд үүсдэг юм билээ. Манайх одоо нэлээд олон байгууллагуудад аутсорсинг үйлчилгээ үзүүлээд явж байна. Энэ чиглэлээр хүний нөөцийн чадавхаа илүү сайжруулна.
Эцэст нь хэлэхэд, бид ирэх 20 жилд гадны зах зээлд танигдсан компани болно гэж алс хэтийн зорилгоо тодорхойлсон. Эхний шатны судалгааны ажлууд хийгдээд явж байна, өргөн боломж байх шиг байна. Гэхдээ бидэнд аль зах зээлд юу борлуулахаа, хэнтэй хамтрах, бүтээгдэхүүн, үйлчилгээ маань бэлэн үү, бид өөрсдөө шаардагдах ур чадвар, туршлагын хувьд бэлтгэгдсэн үү, тухайн зах зээлийн онцлогуудыг бид хэр мэдэх вэ гээд маш олон сорилтууд байгаа. Олон улсын зах зээлд гарч, үйл ажиллагаа явуулахад үүсдэг бэрхшээлүүд, түүнийг даван туулах арга замын талаар олон эх сурвалжаас уншиж судалж байна. Энэ зорилгод хүрэхэд мэдээж урт хугацаа шаардагдана. Олон сорилтуудтай тулгарна, бид илүү нухацтай хандах ёстой гэж ойлгож байгаа. Алхам алхмаар урт хугацааны зорилгодоо ойртон хүрэхийн төлөө манай хамт олон хичээн ажиллах болно.
За олон сэдвээр дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа, цаашдын ажилд тань өндөр амжилт хүсье.
Танд ч гэсэн баярлалаа.