May 08, 2014
Хувийн компани хувьчлагджээ гээд өнгөрсөн жил нэг хэсэг шуугисан. Хувийн хэвшлийн салбарт нэгэн шинэ түүх нээсэн энэхүү компани бол ITZONE компани байсан юм. Өдгөө менежментийн хувьчлалын гэрээг талууд үзэглэснээс хойш даруй нэг жил аль хэдийнэ өнгөрчээ. Энэхүү шинэлэг бизнесийн практикийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг тэрхүү компанийг удирдан ажиллуулж буй залуу захирлын мэдээлэл, зөвлөгөөтэй нь цуг уншигч авхай та нартаа хүргэхийг хичээлээ.
В.Ганзориг: Цаг зав гарган ярилцлага өгөхийг зөвшөөрсөн танд баярлалаа. Би өөрийг чинь цухасхан мэдэх юм. Дөнгөж оюутны ширээгээ орхингуутаа MCS компанитай амьдралаа холбон, өдийг хүртэл үнэнчээр эзэмшсэн мэргэжлээрээ маш амжилттай ажиллаж буй залуу гэж. Гэхдээ энэхүү ярилцлагыг уншиж буй зарим хүмүүсийн хувьд та танил биш байж болох юм. Иймээс та өөрийнхөө тухай эхлээд товчхон танилцуулна уу. Баттулга захирал хаана төрж өсөв, ямар сургууль соёлоор дамжив, яаж яваад тухайн үед MCS-д ажилд оров гэх мэт...
Н.Баттулга: Би Дарханы хүүхэд. Дархан хотод төрөөд, тэндээ сургуулиар хүмүүжиж арван жилээ төгссөн. Дараа нь МУИС-ийн физик, электроникийн ангид орж суралцаад 1998 онд төгссөн. Би 1992 онд 10-р ангиа төгссөн. Гэхдээ дунд нь бага зэрэг завсардсан. Конкурсдаа унаад. Тэр хооронд багш гэх зэрэг янз янзын ажил хийж байсан. 1998 онд их сургуулиа төгсөх үед манай хоёр багш маань MCS Электроникс гэдэг компанийг үүсгэн байгуулаад тэрнийхээ захирлуудаар нь ажиллаж байсан. Тэр үед энэ компанид манай ангийн болон манай дээд талын ангийн зөндөө олон хүүхдүүд орсон л доо. Ер нь бараг манай төгсөлтийнхөн тэр чигээрээ л орох шиг болсон. Яг манай ангиас гурав, дөрвөн хүүхэд орсны нэг нь би байсан. Анх инженерээр ажилд орсон. 1998 онд ажилд орсноос хойш өнөөдөр буюу 2014 он хүртэл энэ компанитайгаа явж байгаа. Хүмүүст Си Ви буюу товч намтраа бөглөж өгөхөд санаа зовдог л юм. Си Ви-гээ бичихээр бараг нэг хуудасны тал ч хүрдэггүй. MCS Электроникс компанид ажилд орсон гээд л миний намтар дуусчихдаг (инээв). Арай жаахан их болгохын тулд тэдэн онд ийм ажлыг нь хийж байсан, эдэн онд тэр ажлыг нь хийж байсан гээд хэдэн мөр л нэмдэг юм. Ер нь бол маш товчхон намтартай хүн л дээ би. Ерөнхийдөө MBA буюу бизнесийн удирдлагаар мэргэшин мастерын зэрэг цол аваагүй. Уг нь суралцаж байсан боловч эрүүл мэндийн шалтгаанаар дуусгаж чадаагүй. Австрали улсын Ла Троб их сургуульд сурч байгаад дундаас нь орхихоос өөр аргагүй байдалд орж байсан юм. Тэгээд сурч амжилгүй өдий хүртэл тэр чигээрээ явсаар байгаад 16, 17 жил ажиллаж байна даа.
В.Г: Нууц биш бол конкурс дээрээ ямар шалгалт дээрээ уначихсан юм бэ?
Н.Б: Намайг арван жилд байхад манай үеийнхэн нэг их өндөр хариуцлага хүлээдэггүй, нийгмийн шилжилтийн үед ер нь бол урсгалаараа шахуу явдаг байлаа шүү дээ. Маш хүнд үе байсан л даа. Шалгалтандаа ер нь бол унасан юм байхгүй л дээ. Оноо дутаад л хүссэн сургуулийнхаа хүссэн ангид орох улаан шугамны ард жагсан таслуулсан хэрэг. Хүмүүс тэр үед их гайхаж байсан. Учир нь би арван жилээ онц төгссөн. Сүүлд харж байхад миний сурлагын дэвтрийн бүх дүн онц байдаг. Юм гэдэг сонин л доо. Тэр үед би азгүйтсэн юм уу, эсвэл намайг тэр жил их сургуульд битгий ор гэсэн юм уу бүү мэд.
В.Г: Тэр үед эсвэл их сургуульд орох өрсөлдөөн тийм чанга байсан юм уу сурагч нарын хооронд?
Н.Б: Тэр жил тийм ширүүн байгаагүй. Харин хоёр дахь удаагаа конкурсдахад айхтар ширүүн өрсөлдөөн болсон. Би ч гэсэн өөрөө шалгалтандаа айхтар бэлдсэн. Манай физикийн багш маань өөрөө намайг гардаж бэлдэж байсан. Тэр жил бас Дарханы хамгийн тэргүүний физикийн багшийн хүүхэд нь надтай цуг өрсөлдөж байсан. Тэр хүүхэд олон олимпиадад оролцож байсан маш сайн сурагч байсан тул дотроо нэлээд айдастай л байсан. Өөр хэд хэдэн сайн хүүхдүүд байсан. Энэ хоёр дахь удаагийн конкурс бол жинхэнэ өрсөлдөөн гэдгийг надад анх удаа ойлгуулсан, маш их юм мэдрүүлсэн шалгалт болсон доо. Тэгээд бас их сонин л доо. Физик ба математикийн оноо яг тэнцээд, шийдвэрлэх шалгалт нь орос хэл болж таарсан. Би орос хэлдээ үнэнийг хэлэхэд тааруу байсан. Тэгсэн мөртлөө манай аав орос хэлний багш байдаг. Ааваасаа юм асууж явдаггүй байсан би тэгээд л аав дээр шалгалтынхаа өмнө яалт ч үгүй яваад орж байгаа юм даа. Күнг-Фү зааж өгнө гэдэг шиг аав надад орос хэлний их олон дүрэм, үгсийн сан дотроос хэдхэн зүйлсийг л онцолж хэлж цээжлүүлж билээ. Миний орос хэлэндээ тааруу байсныг хэлэх үү, ганцхан өдрийн дотор орос хэл мэддэг болох боломжгүйг хэлэх үү. Гэхдээ бүхэл бүтэн хэлний маш том шинжлэх ухаанаас хэдхэн зүйлсийг багцалсан хоёр хуудас юм намайг цээжилж ойлгож сур гэсэн нь шалгалт дээр ерөнхийдөө таарсан даа. Хариултуудаа ёстой өөрийнхөө цээжилснээрээ тааруулаад тавьсны хүчинд орос хэлний шалгалт дээрээ өрсөлдөгчөөсөө өндөр оноо авч хүссэн сургуульдаа орж байсан сонин түүхтэй хүн дээ.
В.Г: Тухайн үед Дарханы хэддүгээр сургуулийг төгссөн бэ?
Н.Б: Би 5-р сургуулийг төгссөн. Анх 9-р сургуульд ороод сүүлд ийшээ шилжсэн.
В.Г: Арван жилээ төгсөөд л хот руу ирээд хотын иргэн болсон уу?
Н.Б: Тийм. Их сургуульд орж оюутан болсон цагаасаа эхлээд л өнөөг хүртэл Улаанбаатар хотдоо байна. Их сургуулиа хотод электроникийн чиглэлээр инженер мэргэжлээр төгссөн. Анх MCS-д инженерээр ороод, компьютер угсраад, зөөгөөд, харилцагч нартаа хүргэж өгөөд л явж байлаа. Дараа нь удалгүй Буянт-Ухаа нисэх буудлын камерын иж бүрэн хяналтын системийн төслийг удирдан ажилласан. Анх удаагаа тийм хэмжээний том төслийг хийж төслийн удирдагчаар ажилласан нь надад маш их туршлага болж, их зүйлсийг өгсөн. Тэрнээс цаашаа явбал MCS Электроникстоо хийж үзээгүй ажил бараг байхгүй дээ. Борлуулалтын менежерээс авахуулаад албаны дарга, маркетингийн менежер, санхүүгийн шинжээч, бүр хүний нөөцийн зарим ажлыг ч хийж байх шиг. Тэгж явсаар 2005 онд компанийнхаа дэд захирал болоод, 2008 онд гүйцэтгэх захирал нь болсон. 2013 оны 5-р сард манай компанид менежментийн хувьчлал явагдсан. Түүнээс хойш компанийнхаа тодорхой хэмжээний хувьцааг нь эзэмшигч болоод компанийнхаа гүйцэтгэх захирлаар ажиллаад явж байна.
Сая төрийн соёрхол хүртсэн Нацагням гээд залуугийн хийсэн шиг шийдлүүдийг бид хийгээд өчнөөн мянган рублийн бодит хэмнэлтийг гаргаж байсан түүх ч бий
В.Г: 1990-ээд оны сүүлээр электроникийн мэргэжил бас их содон мэргэжил байсан байх даа. Тухайн үед миний санаж байгаагаар ихэнх хүүхдүүд эдийн засагч, эсвэл хуульч болно гээд л шуурдаг байсан. Тэр үед яагаад энэ мэргэжлийг сонгов?
Н.Б: Тэр үед яг компьютер үүсч байсан. Миний санахын арван жилд хоёр наян зургаа гээд компьютер байдаг байв. Сүүлд оюутан болоод хотод ирэхэд манай их сургуулийн лабораторид гурав наян зургаа гээд компьютер анх орж ирж байсан. Тэр үед анхны виндоус гарч ирж байсныг бид хараад л пүү паа гээд асар их гайхаж байж билээ. Виндоусаас өмнө бид ДОС, Нортон дээр л ажилладаг байлаа шүү дээ. Тэр үеэс л мэдээллийн технологи гэж яригдаж эхэлж байсан. Би ч дотроо электроникийн салбар маш сонирхолтой юм байна гэж бодож байсан. Би өөрөө физикийн сонгонд явдаг байсан болохоор физикээ суурь болгоод электроник чиглэл рүү явна аа л гээд орсон доо. Оюутан болж орсноос хойш электроникийн салбар маань мэдээлэл технологийн салбар болж өргөжөөд, маш богино хугацаанд асар их юм өөрчлөгдсөн. Тэр л үед Билл Гэйтс, Стив Жобсийн хит бүтээгдэхүүнүүд гарч байв. Виндоус анх гарч ирж байсан гээд бодохоор виндоусын хувьсгалын эрин гэж хэлж болно. Их сургууль төгсөхийн алдад салбарт маань нэлээд том өөрчлөлтүүд гарч мэдээлэл технологи тал руугаа хүчтэй хэлбийсэн ч би элекстроникийн чиглэлээрээ сурсаар л байсан. Электроник тэр үед сайн хөгжих боломж байсан уу гэвэл байсан л даа Монголд.
В.Г: Тэр үед Монэл анх гарч ирж байсан билүү?
Н.Б: Байсан, гэхдээ бид нараас өмнө гарсан байсан. Бүр ТВ хийгээд эхэлчихсэн байсан. Гэхдээ манай үед бид нар бүх юмаа өөрсдөө хийдэг байсан юм. Миний л санахын биднийг их сургууль төгсөх алдад манай ангийн нэг залуу Эрдэнэт үйлдвэрийн автоматжуулалтын удирдлагын том систем гээд одоо бидний хэдэн сая доллараар аваад байдаг систем шиг 4 ширхэг том хэмжээний шкаф шиг цогц шийдэл хийж байлаа. Сая төрийн соёрхол хүртсэн Нацагням гээд залуугийн хийсэн шиг шийдлүүдийг тухайн үед бид аль хэдийн хийгээд тухайн үеийнхээр бол өчнөөн мянган рублийн бодит хэмнэлтийг гаргаад, тухайн үедээ манай компани ч гэсэн маш боломжийн борлуулалт хийгээд ашиг орлого олж байсан түүх ч бий.
В.Г: Тэр шийдлүүд тэр үедээ амжилттай болсон бол яагаад одоог хүртэл арилжааны хувьд бизнес болж яваагүй юм бол оо?
Н.Б: Яг тэр шийдлээс цааш гаднаас бэлэн технологи, шийдлүүд нэлээд орж ирж, тэдгээр бэлэн шийдлүүдийг манайхан хэрэглээд явчихсан. Тэр үед улсаас бодлогоор дэмжээд өгсөн бол электроникийн салбар өдийд нэлээд хол явчихсан байх байсан. Ялангуяа үйлдвэрлэлийн автоматжуулалт, дээрээс нь электрон цаг зэрэг зүйлсийг бид бүгдийг нь хийж байсан. Кредит карт, картын чипийг хүртэл бид тэр үед судалж, туршилтууд хийгээд би жишээ нь дипломын ажлаа энэ чиглэлээр хийж байсан.
В.Г: Энэ үе чинь яг хэдэн он гэсэн үг билээ?
Н.Б: 1996, 1997 он хавьцаа байх. Тэр үед ажиллаж байсан залуусаас одоог хүртэл электроникийн салбараа орхиогүй ажиллаж буй хүмүүс багагүй бий. Жишээ нь, манай ангийн Баярпүрэв гээд залуу байна. Япон сурч, тэндэхийн том том лабораториудад ажиллаж ирээд одоо гар утасны математик дизайн, гаргалгаа, чип үйлдвэрлэлийн судалгааг хийгээд явж байна. Төслүүд нь эхэлчихсэн нэлээд сайн явж байгаа ба цаашаа хөгжөөд явах бүрэн бололцоо байгаа. Миний хувьд электроникоосоо жаахан халиад мэдээлэл, технологийн салбар руугаа орчихсон гэсэн үг.
В.Г: Тухай үед электроникийн анги гэж МУИС-т байсан уу, эсвэл шинэ тутам мэргэжил анги болж гарч ирж байв уу?
Н.Б: Угаасаа байсан. Манай электроникийн ангийн хувьд надаас дээшээ 4 анги байсан санаж байна. Өмнө физик гэдэг малгай дор цөмийн электроник гэж явдаг байсан юм шиг байна лээ. Одоо бол мэдээлэл, технологийн сургууль гэдэг нэртэй болсон. Захирал нь болох Лодойравсал багш манай доод талын төгсөлтийнх юм. Гэхдээ бас физик, электроникийн сургууль гээд үлдсэн байгаа юм билээ.
В.Г: Өөрөө түрүүн цухас дурдлаа. Оюутан байхдаа бөөнөөрөө нэг компанид орж ажиллаад ихэнх нь өдийг хүртэл ингээд хамтдаа явж байгаа гэж. Энэ баг, анги хамт олны хүч одоогийн танай бизнесийн ололт амжилттай холбоотой байдаг гэж боддог уу? Тухайн үед танай ангид хэдэн хүүхэд байснаас хэд нь MCS Электроникс руу орж байсан юм бэ?
Н.Б: Ер нь МУИС-ийн электроникийн ангид 20 гаруй хүүхэд л жил бүр элсэн ордог байсан. Харин төгсөхдөө ердөө 7, 8 хүүхэд л төгсдөг маш чанга курс байсан. Чангаараа алдартай сургууль байсан. Харин тэсч үлдээд төгссөн хүүхдүүд нь маш чанартай хүүхдүүд төгссөн байдаг гэж би хувьдаа ойлгож явдаг. Дамдинсүрэн, Дэмбэрэл гээд л багш нар нь ч тэр үед маш мундаг, хатуу ч гэсэн тэр үедээ өгөх ёстой боловсролыг бид нарт өгч чадсан хүмүүс. Манай ангиас төгсөж гарсан хүүхдүүд салбар бүртээ бүгд маш амжилттай ажиллаж, мэдээлэл технологи, бизнесийн салбарт тэргүүлж байгаа. Одоо энэ “Залуу зохион бүтээгч”-ийн ерөнхий шүүгч Лодойравсал, түүний хажууд сууж шүүдэг Цогжавхлан манай анги. Цогжавхлан маань ясны электроникийн хүн, Монголын ховорхон электроникчдийн нэг дээ. Түрүүний дурддаг Баярпүрэв, мөн Энхболд, Японы Хитачи корпорацийн системийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа Батдэмбэрэл гэх мэт амжилттай яваа залуус зөндөө бий. Бид хоорондоо байнга харилцаатай байж, биесээ тусалж дэмжин одоог хүртэл хамтран ажилласаар л яваа. Энэ бүх зүйлс маань бидэнд олгосон дээд боловсрол, түүнийг заасан багш нар, чанартай их холбоотой гэж ойлгодог.
В.Г: MCS Электроникс руу тухайн үедээ хэдэн оюутан ажилд орж байсан юм?
Н.Б: Тухайн үедээ 4 хүүхэд орж байсан. Одоо 3 залуу маань ажиллаж л байна. Харин Цогжавхлан маань өөрийн сонирхол, хоббигоо хөөгөөд мэргэжлийн ажлаа одоо хийж яваа.
В.Г: Нөгөө арай гэж төгсдөг 7, 8 хүүхдээс чинь бараг 50 хувь нь тухайн үедээ MCS Электроникс ажилд орж байжээ дээ?
Н.Б: Тийм. Яг 50 хувь нь. Одоо MCS группт ажиллаж байсан, ажиллаж байгаа 3 хүний нэг нь би. Нөгөө хоёр маань MCS холдингт, MCS интернэйшнлт одоо тус тус ажиллаж байна. Тэр үеийн залуус л өнөө үеийн соёлыг бүтээж, энэ цагийн үнэ цэнийг бий болгосон
В.Г: Магадгүй 90-д оноос хойш төрсөн залуус картын бараа гэж мэдэхгүй, тухайн үеийн мэдээлэл, харилцаа холбооны нөхцөл байдлын талаар бараг ойлголт мэдэгдэхүүнгүй байгаа байх. Тэр үеийн мэдээлэл технологи, харилцааны холбооны салбарын талаар дурсвал
Н.Б: Тэр үед гар утас гэж байгаагүй, компьютер ч байгаагүй. Тэр үед мэдээлэл технологи гэхээсээ илүү холбооны л салбар гэж ярьдаг байлаа. Тэгээд ердөө намайг оюутан болоод л төгсөөд гарахын хооронд асар их өөрчлөлт гарсан даа. Жишээ нь, анх пэйжер гэж гараад л шуугиулж байлаа. Би тод санаж байна. Интернэт гэж юм Монголд анх орж ирж байлаа. Интернэтийг анх их сургууль авч лабораторидоо суурилуулж байв. Тухайн үед систем байхгүй байсан тул юникс, ДОС-ийн орчинд хав хар дэлгэц дээр мөр мөрөөр юм бичдэг байв. Тэр үед анхныхаа имэйл хаягийг нээж хүнтэй харилцаад, имэйлийнхээ хариуг нөгөө хүнээс аваад их гайхаж, баярлаж, сонирхолтой байдаг байжээ. Тухайн үед манай ангийн нэг хүүхэд Японд байсан. Бид эндээс имэйл бичээд, өнөөх маань наашаа 5 мөртэй хариу бичээд л интернэт гэж ийм юм байна гээд л гайхан биширч байлаа. Монголд компьютержилт миний санахыг 1997 оноос эхлээд л хүчтэй явсан. Салбараа ерөнхийд л яривал эхлээд энэхүү компьютержилт явагдаад, дараа нь сүлжээ, интернэтийн давлагаа эхэлсэн. Авсан компьютерүүд нэлээд олон болоод ирэнгүүт нөгөө хэдийгээ хооронд нь холбож ярилцуулах хэрэг гараад сүлжээ тавигдаж эхэлсэн. Сүлжээгээр дамжин хооронд харилцаж эхэлсний дараа энэхүү сүлжээгээ интернэтэд холбох хэрэг гарсан.
Энэхүү үе маань ерөнхийдөө дуусч, хөгжлийнхөө дээд хэлбэрт хүрээд байна гэж харж байна. Одоо хөгжлийн дараагийн хэлбэр нь hardware буюу дэд бүтцийн дээр суудаг аппликэйшнийн эрин үе. Аппликэйшнийн хөгжлийн дараагийн хэлбэр Cloud ч гэдэг юм уу явах байх. Өөрөөр хэлбэл бие биеэсээ харилцан хамаарсан асар том сүлжээ болж байна гэсэн үг. Цаашид яах вэ гэхээр нэг хүн нэг компьютер гэдэг ойлголт байхгүй болно. Нэг хэсэг нэг өрх нэг комьютер, нэг хүүхэд нэг нөүтбүүк гэж ярьдаг байв. Энэ хөгжил маань хурдтай явсаар байгаад одоо бол нэг хүнийг тойроод 5 төхөөрөмж болчихоод байна. Ухаалаг гар утаснууд, таблет, зөөврийн компьютер, ширээний компьютер гээд л. ТВ хүртэл өнөөдөр компьютер болчихоод байна. Ухаалаг ТВ гээд. Алсдаа энэхүү хөгжил маань явсаар байгаад хувь хүн өөрөө төхөөрөмж авч явах шаардлагагүй болохоор. Жишээ нь, ухаалаг киоск шиг хүн хүссэн газраасаа дуртай мэдээллийн бааз руугаа орж мэдээлэл авах, өгөх боломжтой. Бүх юм Cloud дээр суурилах учраас хүнд бараг компьютер хэрэггүй болохоор. Очсон газар болгонд тусгай интерфэйс бүхий төхөөрөмжүүд байж байдаг болох хандлага байна.
В.Г: Тэгвэл одоо флаш, хард диск гэдэг зүйлс бараг байхгүй болох нь ээ?
Н.Б: Тийм. Жишээ нь, эмнэлэг дээр очиход л тухайн эмнэлгийн ухаалаг системд бүх мэдээлэл, түүх чинь байж байна. Тэр бүх мэдээллийг цахим киоскоос нь авчихна гэдэг ч юм уу. Үүнийг machine to machine гэх мэтчилэнгээр нэрлэж байгаа. Интернэт дээр бүх юм байдаг, бүх төхөөрөмжүүд интернэтэд холбоотой байна гэдэг концепц хүчтэй явагдаж байна. Үүний үр дүнд дата буюу мэдээллийн асар том бүтэц бий болно. Энэ олон мэдээлэл дундаас хүн өөрт хэрэгтэйгээ олж авах хэрэгтэй болно. Манай компанийн хувьд ч гэсэн хөгжлийн энэхүү чиг хандлагыг дагаж hardware гэдэг зүйлийг нэлээд сайн хийсэн. Сүлжээ гэдэг зүйлсийг нэлээд сайн хийгээд сурчихлаа. Энэ хоёр зүйл бол бидний хамгийн сайн хийж чаддаг зүйлс болсон. Одоо бол бид аппликэйшн буюу software тал дээр маш их хөрөнгө оруулалт хийж, цагаа зарцуулж байна.
В.Г: Өөрсдөө in-house хөгжүүлэлт хийж байна гэсэн үг үү?
Н.Б: Тийм. Манайд одоо жишээ нь 60 орчим системийн шинжээчид, software инженерүүд ажиллаж байна шүү дээ. Бид цэвэр өөрсдөө системээ хөгжүүлж, бидний гаргаж буй бүтээгдэхүүн Монгол хүн, Монгол инженерийн бүтээл болж байгаа, болох учиртай юм. Ингэснээр нэгт, гаднаас хараат бус байж чадна; хоёрт, үнийн хувьд ч тэр харьцангуй хямд байх бүрэн боломжтой юм. За тэгээд дараагийн хөгжлийн үед маань cloud, дата төв байх юм. Иймэрхүү хөгжлийн чиг хандлагаар л явж байна даа.
В.Г: Их сургуулиа төгсөөд MCS Электроникст ажилд орж байсан үе тань магадгүй MCS групп өөрөө үүсгэн байгуулагдаад нэг их удаагүй байсан үе болов уу. Тухайн үеийн MCS холдингийн бүтэц бүрэлдэхүүн, тавьж байсан зорилго, бизнесийн чиглэлүүдийг одоогийн нөхцөл байдалтай харьцуулж дурсвал сонин байх даа. Магадгүй ихэнх нь тэр үед ганзагын наймаа гээд явж байхад хэдэн залуус нилээд зөвлөх үйлчилгээ, мэдээллийн технологи гээд арай ахисан түвшний юм ярьдаг орчинд ороход анх ямар мэдрэмж төрж байсан бол?
Н.Б: MCS групп 1993 онд үүсгэн байгуулагдсан. Өнгөрсөн жил 20 жилийн ойгоо хийсэн. Намайг анх ажилд ороход үүсгэн байгуулагдаад аль хэдийн тав, зургаан жил болчихсон байсан. Анх ажилд орж байхад лав тухайн үед Улаанбаатарт байдаггүй сайхан оффис, орчинд орж байсан. Намайг орох үед оффис нь барилгын зургийн институтийн хажууд байдаг байв. 1-р давхартаа Интерпресс хэвлэлийн үйлдвэртэй, 2-р давхартаа оффис нь байдаг байлаа. Орчноосоо гадна ажиллаж буй залуус нь маш эрч хүчтэй, тухайн үедээ их том бизнес сэтгэлгээтэй шал өөр орчин угтаж авсан. MCS компанийн тухайн үед эхлүүлж хийж байсан бизнес нь их оюунлаг бизнес байсан. MCS нэрний тайлал нь Mongolian Consulting Service гэсэн үг шүү дээ. Тухайн үед шилжилтийн хүнд үе байсан. Бидний ихэнх маань тархиа ажиллуулахаас илүү ходоодоо ажиллуулдаг байсан. Тэр үед MCS компани тархиа ажиллуулж мөнгө хийж болно гэдгийг бусдад харуулсан. Бид нар тухайн үед баян хүнийг үнэндээ ченж хүнээр л төсөөлдөг байсан. Махны ченж, машины ченж, арьс, ноолуурын ченж гээд л. MCS-ийн оффист анх ороход тэс өөр орчлон буюу бичиг цаастай зууралдсан, янз бүрийн төслүүд хэрэгжүүлсэн, гадаадын мэргэжилтнүүд сүлжилдсэн, англи хэлээр ярилцсан орчин л угтсан. Энэ бүх орчинг бүх болгоход уг компанийг үүсгэн байгуулагчид, Ж.Оджаргал захирал маш их зүйл хийсэн. Одоогийн энэ бүх бизнесийг суурийг тухайн үед тэгж л тавьж байжээ. Уг нь энэ зүйлсийг одоо ингэж бахархаж яримаар байхад зарим хүмүүс өнөөдөр их сонин байдлаар эсрэг талаас нь ярьж явдагт би дотроо маш их харамсдаг. Үнэндээ бол тэд нар тухайн үедээ асар их хөдөлмөр гаргаж байж орчин үеийн Монгол залуучуудын имижийг үүсгэсэн юм шүү дээ. Тэр үеийн залуус л өнөө үеийн соёлыг бүтээж, энэ цагийн үнэ цэнийг бий болгосон. Тэд тухайн үедээ маш их завгүй хөдөлмөрлөдөг байсан. Орой ажил тарж өгөхгүй. Ажлын цаг дуусчихаад байдаг, харимаар байдаг, хүмүүс нь ажлаасаа явдаггүй, тарж өгдөггүй. Оройны 10, 11 цаг хүртэл суух ердийн үзэгдэл байв. Тэгсэн мөртлөө өглөө эрт ирнэ. Ялангуяа манай электрониксийн Цэлмэг, Баяр гээд хоёр захирал маш их суудаг, гэртээ харьж өгдөггүй хүмүүс байсан. Би ч дотроо ямар сонин юм бэ, гэр орондоо харьдаггүй юм байх даа гээд гайхдаг байв. Тэндээс маш их юм сурсан даа. Тэд тухайн үед тэгж ажиллаж байсны хүчинд өнөөдөр их энэ бүтээн байгуулалт явагдаж, нүдэн дээр олон ажлууд биеллээ олж байна шүү дээ. MCS группийн түүхийг 3 хэсэгт хуваадаг. Эхний хэсэг нь импорт буюу гадны технологийг Монголд оруулж ирэх, нутагшуулах, борлуулагч, трэйдинг бизнес байсан. Хоёр дахь үе нь үйлдвэрлэл байлаа. Одоо явж буй гурав дахь үе нь бүтээн байгуулалтын үе юм. Дэд бүтэц, уул уурхай, төмөр зам, цахилгаан станц гэсэн нийгэмдээ өргөн цар хүрээтэй ажлуудыг хийж байгаа. Ер нь бол энэ компанийн хөгжил, улс эх орны хөгжил хоёр яг ингээд адилхан циклээр л явсан. Би азаар энэ бүх үеийг бүгдийг нь туулж, хамт байж ирсэн хүмүүсийн нэг нь.
В.Г: Өөрөө тэгвэл MCS-т хамгийн удаан ажиллаж, бараг анхнаас нь шахуу явсан хүмүүсийн нэгт зүй ёсоор орох нь ээ?
Н.Б: Надаас өмнө, удаан ажиллаж буй зөндөө хүмүүс бий. Миний хувьд бол 1998 оноос хойших түүхүүдийг мэднэ ээ. Өнгөрсөн хугацаанд MCS маш олон ажлуудыг хийсэн. Хүмүүс зөвхөн гарт баригдаж, нүдэнд харагдсан зүйлүүдээр нь л хэмжих гээд байдаг. Нөгөө талаас биет бус олон үнэ цэнийг бий болгосон. Ялангуяа оюуны талын бизнесийн ноу хауг Монголд нилээд оруулж ирсэн. Энэ нь манай компанийн лидерүүдтэй шууд холбоотой. Жишээ нь, P&G, Coca-Cola компаниудаас санхүү, хүний нөөц, төслийн удирдлага зэрэг бизнесийн орчны маш олон системийг оруулж ирж нэвтрүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд л хөрөнгө оруулалт, мөнгө босгох, IPO гээд л юмыг яаж сонгодог утгаар нь хийх вэ гэдгийг харуулсан шүү дээ. Мөн одоо энэ барилгууд гээд л ажиллаж байна. Миний хэлэх гээд байгаа зүйл бол эдгээр бодит бүтээн байгуулалтаас гадна тэр болгоны мэддэггүй маш олон систем, стандартуудыг Монголд оруулж ирсэн.
В.Г: Миний дараагийн асуулт яг энэ сэдэвтэй холбогдож байна. MCS гээд нэр хүндтэй компанийн соёл, MCS шиг байх гэж хүртэл ярьдаг болсон энэ хамт олны багцалж буй гол хүчин зүйлсийн нэг нь манлайлагч, лидерүүдийн ур чадвар мэдээж байгаа байх. Түүнээс гадна хэсэг бүлэг хүнтэй шууд хамааралгүйгээр энэхүү орчил, систем, соёлыг бий болгож байгаа нууц нь юундаа байгаа вэ? ITZONE гээд туурга тусгаарлаад хэдэн зуун хүн удирдаад ажиллаж байхад MCS группийн хэдэн мянган хүн дээр хэрэглэж байсан бизнесийн системийг шууд хуулж ажиллахыг зорьж байна уу, компанийнхаа соёлыг яаж үлгэр жишээ бүрдүүлж авч явж байна даа залуу захирлын хувьд?
Н.Б: Одоо бол би MCS компанийг төлөөлөн ярьж болохгүй. Харин дурсамж хэлбэрээр ярьж болно. MCS компанийн хийсэн олон ажлууд дундаас гол зүйл нь бизнесийг зөв замаар явуулахыг хичээж ирсэн зүтгэл юм. Одоо ингээд ажиглаж байхад зарим компаниуд өдөр тутмын үйл ажиллагаандаа л хамаг цагаа зарж байхад MCS компани менежмент, удирдлагын систем тал дээрээ их сайн төвлөрч, голлох хөрөнгө хүч, цагаа зарцуулдаг байсан юм байна. Одоо жишээ нь манай ITZONE компанийн хувьд процесс дээр суурилсан хүний нөөцийн програмыг олон жил үйл ажиллагаагаа явуулж байгаа том компаниуд дээр очоод суулгахад бас л нэлээд өөр байгаа нь харагддаг. Магадгүй тэд үйл ажиллагаа дээрээ хамаг анхаарлаа төвлөрүүлж хүчээ хуваарилаад эдгээр функцуудаа орхисон байх талтай. Харин MCS компани, Ж.Оджаргал захирал тухайн үедээ Лондонгийн их сургуулиас сайн багш нарыг нь, гадны том компаниудаас жишээ нь Кока Колагаас хамгийн шилдэг мэргэжилтнүүдийг нь урьж авч ирэн хүмүүстээ маш их сургалт явуулж, мэдлэг, мэдээллийг нь дамжуулж хуваалцдаг байсан. Тэднийг сайн сонсдог байсан, хурал зөвлөгөөн тогтмол хийдэг байсан, энэ асуудлыг яаж шийдэх вэ гэж гаргалгаан дээр нь суудаг байсан, өөрөө энэ бүх асуудлууд дээр биечлэн оролцож бусдыгаа манлайлдаг байсан. Ж.Оджаргал захирал өөрөө ганцаараа энэ олон төслүүдийг хийж чадахгүй шүү дээ. Иймээс гаднаас авч ирсэн тэдгээр туршлага, мэдлэг, ур чадвар, ноу хауг хамт олондоо түгээж, хуваалцаж багийн гишүүдээ жигд хөгжүүлж чадсан. Ингэснээр маш богино хугацаанд компани эрчтэй томорсон шүү дээ. Гол онцлох давуу тал энэ л гэж хардаг.
Тэрнээс ганцаараа гүйгээд л байсан бол энэ бүх ажлыг хэн ч байсан хийж чадахгүй байх байсан. Багаараа ажиллаж чадаж байсан учраас бараг шахуу хийсэн бүх ажил нь амжилттай болж байсан байх. Одоог хүртэл MCS дээр тэр процесс тасралтгүй явж байгаа гэж ойлгодог. Үүгээрээ бусад өрсөлдөгч нараасаа ялгардаг болов уу. Хийж байсан зүйлс нь нэлээд холыг харсан байсан нь одоо харагддаг. Би өөрөө энэ компанид 16 жил чанагдсан байгаа учраас эндээс маш их зүйлс сурсан байгаа. Иймээс энэ сурсан зүйлсээ ITZONE дээр түвшинг нь буулгахгүй авч явахыг хичээж байгаа. Надаас гадна надтай цуг ажиллаж байсан олон залуус цуг ITZONE дээрээ үлдсэн. Тэдгээр залуус маань компанийнхаа массыг бас манлайлан авч явж байгаа. Энэхүү масс маань бид хувьчлагдсанаас хойш жилийн хугацаанд маш сайн хадгалагдсан гэж би хэлнэ. Дээрээс манай хамт олон бүх хариуцлагаа өөрсөд дээрээ авсан учраас бид илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай болсон. Жилийн хугацаанд эргээд харахад компанийн хэмжээнд эерэг олон үр дүн, үзүүлэлтүүд гарчээ. Өмнө хийж байгаагүй өндөр хэмжээний борлуулалтаа хийсэн ч гэдэг юм уу. Үүнийг би MCS-ээс авч үлдсэн сайн системийн үр дүн гэж хардаг. Энэхүү систем нь хэн нэг хүнээс үл хамаарсан байдаг бөгөөд энэхүү систем л манай бизнесийг сайн ажиллуулж байна гэж харагдаж байгаа.
Боломж гэж хараад орсон салбарууд дахь бүх бизнесээ 100% хянаж, чадахаа болиод ирэхээрээ менежерүүддээ тасалж өгч эхэлдэг
В.Г: Жилийн өмнө хувьчлагдсан танай компанийн кэйс бол Монголын хувийн хэвшлийн түүхэнд бас нэгэн шинэ алхам болсон. Энэ санаачлага ер нь аль талаасаа анх гарсан юм бэ? MCS Электроникс компанийн залуучууд нийлээд хувь нийлүүлэгч нартаа санал тавьсан уу, эсвэл хувь нийлүүлэгчид тань бид иймэрхүү юм бодоод байна, та нөхөд судлаад үзээч гэсэн үү?
Н.Б: Аль талаас гарсан санаачлага вэ гэхээс илүү энэхүү процесс маань бизнесийн хөгжилтэй л холбоотой юм билээ. Ерөөсөө амьдралаас ургаж гарч ирдэг л процесс. Анх жишээ нь Америкт 1700 оноос бизнес, компани, групп үүссэнээс хойш 1920,1930 он хүртэл Management Buy-Out гэсэн энэхүү процесс тасралтгүй явж байсан юм билээ. Ялангуяа 1960-1970 онуудын хооронд энэхүү процессын оргил үе нь Америкт тохиосон гэж үздэг. Форд ч гэдэг юм уу тухайн үеийн хөрөнгөтнүүд олон төрлийн бизнес рүү орж, бизнесүүд нь салбар бүртээ томорч тэлэхийн хирээр яах аргагүй хэдэн төсөл, чиглэл нь бүтээн байгуулалтын том салбарууд дээр төвлөрч эхэлсэн байдаг. Тэр үед нөгөө хэдэн үлдсэн жижиг буюу дайвар бизнесүүдээ яах билээ гэдэг асуудал гарч ирсэн. Нэг хүн энэ олон бизнесийг нэг дор удирдаж хянаж чадахгүй, бизнес тус бүр дээрээ хангалттай цаг зарж чадахгүй байх зэрэг асуудлууд үүссэн байдаг. Том групп компаниудын эрхэлж буй бизнесүүд дотор хоорондоо хамааралтай бизнесүүд байхаас гадна хоорондоо огт хамааралгүй бизнесүүд ч зөндөө. Жишээ нь, үйлдвэрлэл эрхэлдэг мөртлөө хажуудаа эмийн сангийн бизнес явуулдаг байдаг ч юм уу. Яагаад гэвэл хөгжиж буй зах зээл дээр бүх салбар боломж байдаг. Нэгэнт харагдаж буй боломж руу бүрэн ашиглахын тулд бизнесүүд олон юм бодолгүй ордог.
Тэрнээс бус яг стратегийн зорилгоор бодлоготой шинэ бизнес рүү орсон түүх ер нь бол ховор байдаг. Боломж гэж хараад замбараагүй орсон салбарууд дахь бүх бизнесээ 100% удирдаж хянаж, цагаа зарцуулж чадахаа болиод ирэхээрээ тухайн бизнесийг авч явж байгаа менежерүүддээ тасалж өгч эхэлдэг ийм л практик байдаг юм билээ. Мэдээж өгөхдөө тусгай нөхцөл бүхий гэрээ контракт хийнэ. За чи энэ бизнесийг аваад яв, харин тодорхой хугацааны дараа чи энэ компанийн үнэ буюу миний оруулсан хөрөнгө оруулалтыг буцааж надад төлөөрэй, үүний дараа бүх бизнес чинийх болно оо гэдэг зарчимтай. Манай ITZONE компанийн хувьд яг адилхан процесс явсан. Хоёр талын алиных нь санаачлага гэхээс илүү бизнесийн орчин, хөгжилтэй холбоотой. Мэдээж өнгөрсөн хугацаанд MCS компани бизнесийн хувьд томорсон. Түүнтэй холбоотойгоор сүүлийн 2 жилд MCS групп дээр бизнесийн бүтцийн өөрчлөлтүүд хийгдэж, нэлээд далайцтай судалгаа, шинжилгээнүүд хийгдсэн байгаа. Дээр ярьсанчлан компанийн мөчлөг, амьдралын үеийн 3 дахь шат буюу бүтээн байгуулалтын шат руу орсон байгаа.
Худалдаа, үйлдвэрлэл, бүтээн байгуулалт гээд 3-н үеийнхээ худалдааны үе шатныхаа үр шим, өгөөжийг хүртсэн, үйлдвэрлэл дээрээ хангалттай ажилласан, одоо бүтээн байгуулалтын том төслүүд рүү бодлогын хэмжээнд ороод эхэлсэн. Энэ үед бүтээн байгуулалтын томоохон төсөл, бизнесүүдтэй нь харьцуулахад анх эрхэлж байсан худалдааны бизнесүүд нь хэмжээ, ашиг, орлогын хувьд хамаагүй жижигхэн болж таарна. Ийм л дүр зураглал, судалгааг групп дээр гаргасан юм билээ. Манайх хувьчлагдсан хамгийн анхны компани нь биш л дээ. MCS компаниас анх Анун, Интерпресс, Медимпекс компаниуд биднээс өмнө менежментийн хувьчлалаар тусдаа гарсан байдаг. Манай компанийн онцлог нь хэмжээний хувьд болон хүний хувьд нэлээд том, мэдээлэл технологийн салбарынхаа тэргүүлэгч компани нь байсан. Түүнчлэн миний бие болон манай багийн хамт олон MCS компанийн эзэдтэй ураг төрлийн ямар холбоогүй. Зарим хүмүүсийн ярьдагчлан ах дүүдээ эд хөрөнгө тасалж өгч байгаа процесс огт биш.
Яг цэвэр Management Buy-Out онолын дагуу арилжааны нөхцөл дээр суурилсан хэлцэл хоёр талаас хийгдсэн. MCS компанийн зүгээс анхны томоохон хэмжээтэй менежментийн хувьчлалыг залуучууддаа хийсэн болохоор нилээд том хөнгөлөлт, тусгай хөнгөлөлттэй нөхцөлийг бидэнд өгсөн. Хэт хатуу нөхцөл тавьсан бол аль аль талдаа маш хүнд шүү дээ. Эдгээр бүх нөхцөл байдлыг манай хөрөнгө оруулагчид, MCS группийн удирдлагууд ухаалаг харж шийдэж өгсөн. Гэхдээ одоо дөнгөж эхний жил маань л өнгөрч байна. Цааш цаашид явах зам урт, хугацаа ч багагүй бий. Давтан хэлэхэд энэхүү санаачлага маань бизнесийн хөгжлөөс урган гарсан бөгөөд MCS групп дээр бизнесийн бүтцийн өөрчлөлт хийж байхад гарч ирсэн хувилбаруудын нэг байсан юм. MCS Электроникс компанийг өөрчлөх хоёр, гурван санал, хувилбар байсны нэг нь бидний дэвшүүлсэн менежментийн хувьчлалын санал байсан юм.
В.Г: Management Buy-Out гэдгийг энгийнээр хэлбэл тухайн компанид ажиллаж байсан, итгэл үзүүлж буй хүмүүстээ хувь нийлүүлэгчид нь компанийнхаа хувьцааг үнэлэн тодорхой нөхцөлтэйгээр, тодорхой хугацааны дараа бүрэн шилжүүлэх процесс байгаа. Та нөхдийн хувьд энэхүү менежментийн гэрээний хугацаа нь ямар байдаг юм бол нууц биш бол?
Н.Б: 2017 онд бидний менежментийн гэрээний хугацаа дуусна.
В.Г: 2017 он хүртэл та бүхэн сар болгон ч юм уу, жил болгон тохирсон мөнгийг хувь нийлүүлэгчид шилжүүлэх ёстой. Бизнесийн орчин, үйл ажиллагаанаас болоод энэ тохирсон мөнгөө шилжүүлж чадахгүй тохиолдол гарвал яах билээ?
Н.Б: Бидэнд хийсэн хатуу гэрээ байгаа. Компанийн хувьцаа бол өмнөх хувь нийлүүлэгчдээс бидний нэр дээр шилжсэн байгаа. Арилжааны, бизнесийн гэрээ учраас хувьцааны эзэмшил буцах тусгай нөхцөлүүд ч байгаа. Тэр тэр нөхцөлийг биелүүлэхгүй бол хувьцаа буцаж анхны хувь нийлүүлэгчид дээр очно оо гэх зэрэг заалтууд бий. Эсвэл хувьцаа буцаахаас илүү санхүүгийн батлан даагч гээд гуравдагч этгээдийг оролцуулж болох зэрэг тусгай нөхцөлүүд, янз бүрийн санхүүгийн механизмуудыг бид гэрээндээ тусгасан байгаа.
В.Г: Одоогийн байдлаар бол та бүхэн гэрээнд заасан санхүүгийн үүрэг хариуцлагаа ямар ч асуудалгүй биелүүлээд явж чадаж байгаа юу?
Н.Б: Чадаж байгаа. Эхний жилийн байдлаар бол маш амжилттай явлаа. Одоо хоёр дахь жил рүүгээ орж байна. Хүндрэл бэрхшээл харагдахгүй байгаа. Энэ үйл явдалд манай баг өөрсдийгөө нэлээд сайн бэлдсэн байсан. Манай компанийн удирдлагын багууд маш сайн хоорондоо ойлголцож, нэгдэж цул баг болж чадсан. Нийтдээ манай бараг 20 гаруй залуучууд компанийнхаа хувь нийлүүлэгчид болсон шүү дээ.
В.Г: Яг одоо бол ITZONE компани маань 20-н тусдаа хувь хүн бүхий хувь нийлүүлэгчийн бүтэцтэй болсон байх нь ээ?
Н.Б: Тийм. Дээрээс нь энэ 20 гаруй залуус маань өөрсдөө компанидаа ажиллаж хариуцлагаа үүрч буй баг юм. Эд маань ажилдаа улам хариуцлагатай ажилладаг болсноос гадна хамт олны уур амьсгал нэлээд сайн бүрдсэн. Бид өөрсдөө гар мөн хамгийн гол нь санаа нийлсэн учраас л бид амжилттай, сайн явж байгаа болов уу гэж би боддог. Өөрөөр хэлбэл удирдлагын багийн нэгдэл л бидний амжилтын гол хүчин зүйл юм байна гэдгийг ойлгож байгаагаас гадна энэхүү нэгдлээ цаашид тогтвортой авч явахын ач холбогдлыг сайтар ухамсарлаж байгаа.
В.Г: 20 хувь нийлүүлэгчийн нэг нь өөрөө байгаа байх. Үлдсэн 19 хүнээ яаж сонгож, ямар шалгуураар компанийн хувьцаа эзэмшигч болгосон бэ?
Н.Б: Ерөөсөө л бүгд манайд ажиллаж байсан залуучууд. MCS Электроник компани дээр байсан бараг 250 гаруй хүмүүсийг бүгдийг нь хувьцаа эзэмшигч болгох бололцоо байхгүй байсан л даа. Яагаад гэвэл тодорхой хэмжээнд компанийнхаа төлөө багагүй хариуцлага үүрсэн хүмүүсийг хувь нийлүүлэгчдийн бүрэлдэхүүнд оруулах ёстой. Бүх хүнд жигд хариуцлага хүлээлгэх, эсвэл ердөө хоёр, гуравхан хүнд л хариуцлага хүлээлгэх нь ч практик дээр учир дутагдалтай. Бидний гол шалгуурын нэг нь компанидаа олон жил ажилласан байх шаардлага байсан. Мөн энэ компанийн босголцоход жинтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг оруулсан. Түүнчлэн компанийнхаа түлхүүр ажилчид, менежерүүд, удирдлагуудаа тус тус оруулсан байгаа.
В.Г: Анхныхаа ногдол ашгаа хэзээ тараана гэсэн төлөвлөгөө, мөрөөдөлтэй байна вэ?
Н.Б: Эхлээд ямар ч байсан гэрээнийхээ дагуу бүх өр, санхүүгийн үүрэг хариуцлагаа дуусгах ёстой. Түүний дараагаас л тараана даа. Ойрхон харагдаж байгаа. Хүн болгон л үүнийг тэсэн ядан хүлээж байгаа.
В.Г: ITZONE тусдаа гарснаар хуучин MCS-ийн бүрэлдэхүүнд байснаас компанийн санхүү болон менежментийн бүх үзүүлэлт хуучнаасаа эрс өссөн үү?
Н.Б: Ер нь тусдаа гарснаас гэдгээсээ илүүтэйгээр ерөнхий эдийн засгийн байдалтай холбоотойгоо, түүнчлэн биднийг бас бизнесийн аз ивээсэн ч гэдэг юм уу өнгөрсөн жилийн хувьд манай компанийн хувьд нэлээд аятайхан дүр зураг гарсан. Олон том төслүүд хэрэгжүүлсэн, манай бизнес их тогтвортой байлаа, хуучин харилцагч нар маань биднийг маш сайн дэмжиж ажилласан. Эдгээр олон шалтгаануудын улмаас бид сайн ажилласан. Тусдаа гарснаас хойш компанийн үзүүлэлтүүд ямар ч байсан буугаагүй ээ.
В.Г: Эдийн засаг хямралтай байхад компанийн үзүүлэлт буугаагүй байна шүү дээ!
Н.Б: Тийм. Хэрэв макро түвшиндээ хямралгүй байсан бол бид маш том өсөлтийг хийчих байжээ гэж харж байгаа. Ямартаа ч төлөвлөсөн төлөвлөгөөгөө бариад л гарсан даа. Энэ жил ч гэсэн санхүү, эдийн засгийн байдал хүнд байна. Гэсэн бидний хувьд бизнес маань боломжийн аятайхан явж л байна.
Нэг газар тогтвортой ажилласнаараа би бизнес, менежментийн сургуульд үздэгээс их зүйлсийг сурч чадсан
В.Г: Баттулга гэдэг хувь хүний хувьд оюутан цагаасаа хойш энэ компанийг тэргүүлэн яваа бүхий л хугацаанд хийсэн ажлуудаасаа өөрөөрөө хамгийн их бахархдаг, бусдын өмнө нүүр бардам үүнийг би хийсэн шүү гэж хэлэх бахархал юу вэ гэж асуувал?
Н.Б: Өөрөөрөө нэг их айхавтар бахархдаг юм гэвэл надад ховор л доо. Менежментийн багийн энэ хувьчлалын процесс маань бүрэн дуусаагүй байна. Яг энэ ажлаараа бахархахад бол арай л эрт байна. Миний гол давуу бол энэ компанидаа удаан жил ажилласанд байсан. Энэ компанийг тусдаа аваад гарахад манай удирдлага, хувь нийлүүлэгчид бүгд намайг мэддэг, итгэсэн байх. Түүнчлэн олон жил эндээ ажилласны хувьд манай ажилчид ч бас надад итгэсэн байх. Яг энэ хоёр талын итгэлцлийн уулзвар дээр нь би байж таарсан юм шиг байгаа юм. Тэгэхээр би бол хувьдаа их зөв учрал бүрдэхэд зөв газраа байжээ л гэж өөрийгөө харж байгаа. Миний оролцоо учир зүггүй өндөр гэж хэлэхэд хаашаа юм. Манай компани маань өөрөө их ардчилсан бүтэцтэй компани. Шийдвэр гаргалтад хүн бүр чөлөөтэй оролцож санал хүсэлтээ хэлэх эрхтэй, нээлттэй байх зарчимтай.