April 04, 2016
2017 он хүртэл BI болон аналитикийн асуудалд мэдээллийн технологи хариуцсан захирлууд гол анхаарлаа хандуулсаар байх болно гэж gartner.com мэдээлжээ. Байгууллагууд BI програм хангамжуудад сая сая доллар зарцуулсаар байгаа ч өөрт тохирох шийдлийг олж чадаагүйгээс үр ашиггүй хөрөнгө оруулалт болон хувирч байна. Аливаа байгууллагууд BI буюу Бизнесийн ухаалаг мэдээллийн шийдлийг нэвтрүүлэхэд гардаг нийтлэг 9 алдааг танилцуулж байна. Алдаа гарахаас өмнө сэргийлэх үүднээс энэ чиглэлийн экспертүүд, бизнесийн лидерүүд дараах зөвлөгөөг танд хүргэж байна.
“Компаниуд өөрийн тодорхой асуудлыг шийдэхийн тулд BI шийдлийг нэвтрүүлэх хэрэгтэй. Харин онц шаардлагагүй тохиолдолд өндөр өртөг бүхий хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй” гэж АНУ-ын технологийн зөвлөх үйлчилгээний Capgemini компанийн дэд ерөнхийлөгч Скот Шклесингер зөвлөж байна. Бизнес шийдлийн компани болох Logic Analytics-ын захирал Чарльз Калдвэлл: “Тодорхой асуудлыг шийдэх зорилгоор бус өргөн хүрээтэй шийдэл нэвтрүүлнэ гэвэл учир дутагдалтай. Ихэнх хүмүүс бүх төрлийн аналитик асуудлыг шийдэх ганц төгс багажийг эрэлхийлдэг. Тэд яаралтай болон шаардлагатай асуудлаа сайн тодорхойлдоггүй нь олон BI төслүүд амжилтгүй болдог нэг шалтгаан юм. Үүний оронд бизнесийн асуудал болон тэдгээрийн шаардлагыг тодорхойлж, түүнд тохирсон шийдлийг хайх нь зүйтэй” гэжээ.
“Мэдээллийн технологийн ихэнх хөрөнгө оруулалт, худалдан авалтууд нь уг бүтээгдэхүүнийг хэрэглэх эцсийн хэрэглэгчдийн санал бодлыг сонсолгүй хийгдэх нь түгээмэл байдаг” хэмээн Dell компанийн бизнес мэдээллийн судлаач Жоанна Шлосс өгүүлжээ. Тэрээр мөн “Шинэ бүтээгдэхүүн, шийдэл нэвтрүүлэхэд хэрэглэгчдийг зүгээр нэг компанийн дүрэм стандарт учраас хэрэглэх ёстой гэж бодолгүйгээр, үүнийг ашигласнаар танд ямар ашигтай вэ гэдгийг ойлгуулах нь чухал” гэсэн байна.
Мэдээллийн хяналтыг орхигдуулах нь ноцтой алдаануудын нэг юм. Бүх ажиллагсдад мэдээллийн санд ямар нэгэн хязгаарлалтгүй нэвтрэх эрх олгох нь харилцагч, үйлчлүүлэгчдээ үл хүндэтгэсэн хэрэг болно. Тиймээс шинээр нэвтрүүлэх BI систем нь тухайн компанийн мэдээллийн аюулгүй байдлын дүрэм журам болон хуулийн хүрээнд нийцэж байхаар төлөвлөх хэрэгтэй.
Ихэнх компаниуд BI шийдлийг үнэлэхдээ тайлан ба лавлагаа, хяналтын самбар, хайлт ба үзүүлэлт, OLAP (Online Analytical Processing) ба дүн шинжилгээ гэх мэт тухайн системд дагалдах модулиудыг голчилж анхаардаг. Гэтэл тэд маш чухал нэг зүйлийг орхидог нь интеграцчлал юм. Жишээ нь, олон систем MS Excel файлтай ажиллаж чаддаг боловч MS Outlook-тэй ажиллаж чаддаг нь ховор, BI-аас гарах объектууд бусад системүүдтэй, түүнчлэн гар утсанд зориулсан программуудтай зохицож чадахгүй байх асуудал элбэг. Үүний зэрэгцээ, байгууллагын нөөц төлөвлөлт буюу ERP, үүлэн дэх програм хангамж (salesforce.com), нөхцөлт үйлчилгээ (MDM, DQ, D&B) зэрэг ойлголтуудыг мөн адил анхаардаггүй. Хэдийгээр модуль буюу нэмэлт боломжууд нь BI шийдлийн чухал хэсэг боловч бусад бизнесийн системүүдтэй зохицож ажиллах чадвар сайн байх нь шийдлийн бас нэг гол үзүүлэлт болдог.
Дасан зохицох чадваргүй систем сонгох нь байж болох хамгийн том алдаануудын нэг юм. Тиймээс та өргөжүүлэх боломжтой, дасан зохицох чадвартай, ажил хэрэгт тань зохицсон шийдлийг сонгоорой.
Олон компани BI шийдэл сонгохдоо хөдөлгөөнт төхөөрөмжүүдийн боломжийг анхаарч үздэггүй. Таны утсан дээр бүх хэрэгтэй зүйлүүд байх нь цаасан дээр байснаас илүү хэрэгтэй учраас энэ бол орхигдуулж боломгүй үзүүлэлт юм.
Шинээр систем нэвтрүүлж байгаа үед яаралгүй, хүлээцтэй хандах хэрэгтэй. Энэ нь BI програм хангамжийг хөгжүүлэгчид болон хэрэглэгчид үр дүнтэй ашиглаж сурахад чухал нөлөөтэй. Мөн өөрт үүссэн бизнесийн асуудлаа нэг дор шийдэж өгөхийг шаардаж нэхэлгүйгээр, дэс дараатай, үе шаттайгаар нэвтрүүлэх боломжийг олгох хэрэгтэй.
Компаниуд ихэнх төсвөө програм хангамжийн лицензэд зарцуулдаг. Гэвч тэд эцсийн хэрэглэгчдийн сургалтыг дутуу үнэлдгээс хөрөнгө оруулалт нь үр дүнгүй болох магадлалтай болдог. Өнөө үеийн BI системүүдийг ердийн нэг богино хугацааны сургалтаар эсвэл гарын авлагаар сурах боломжгүй тул тогтмол, урт хугацааны сургалт зохион байгуулбал илүү үр дүнтэй. Цайны цагаар шинэ нэвтэрсэн системийн иж бүрдэл хэсгүүдээс хэсэгчлэн танилцуулах, хэзээ ч хэрэглэх боломжтой онлайн сургалтын материал, видео бичлэг зэргийг үргэлж нээлттэй бэлэн байлгах аргыг ашиглаж болно.
Зарим компаниуд BI програмаас үнэ цэнэтэй мэдээлэл гаргаж авч чаддаг боловч үүн дээрээ ажиллах, анализ хийх, бусадтай хуваалцах нь дутмаг байдаг. BI-ийг хэрхэн, юунд, яаж өндөр үр дүнтэй ашиглах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Цуглуулсан мэдээллээ зөв ашигласнаар, мөн компанийнхаа бусад нэгжүүдтэй хуваалцсанаар байгууллага бүхлээрээ эрсдэлээс сэргийлэх, зөв шийдвэр гаргах, улмаар компанийн ажил хэрэг амжилттай урагшлах хөшүүрэг болж өгөх юм.