LMIS - Хөдөлмөрийн Зах Зээлийн Мэдээллийн Нэгдсэн Систем

Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв нь Монгол улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн харилцаа болон мэргэжлийн боловсрол сургалтын чиглэлийн төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгж байгууллагад чанартай, хүртээмжтэй, шуурхай үзүүлэхэд аймаг, нийслэлийн хөдөлмөрийн газар, хэлтсүүд, хөдөлмөрийн салбарын бусад байгууллагад зохицуулалт, арга зүйн туслалцаа үзүүлж, хөдөлмөрийн салбарын судалгаа, шинжилгээ, бодлогын зөвлөмж, мэдээ, мэдээллээр хангах эрхэм зорилготой юм.

Монгол улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 30 хөдөлмөрийн хэлтэс, мөн тийм тооны хувийн хөдөлмөрийн бирж ажиллаж байна. Хөдөлмөрийн яам нь хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой бодлогыг хэрэгжүүлж, тэрхүү бодлогын хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх үүрэгтэй юм. Энэ нь нэг талаас ажил олгогчийн шаардлагыг хангасан ур чадвартай мэргэжилтэнг бэлтгэн нийлүүлэх, нөгөө талаас ажил олгогч нарт шинэ ажлын байр бий болгох нөхцөлийг нь дэмжих явдал юм. Гэсэн хэдий ч ажил хайгч, ажил олгогчийн хооронд мэдээлэл чөлөөтэй солилцож чаддаггүй, боловсролын тогтолцоо хөдөлмөр эрхлэлттэйгээ уялддаггүй, хөдөлмөрийн зах зээлийн бодит эрэлт хэрэгцээнд тохирсон мэргэжилтэн, ажилтнууд шаардлагатай тоогоор бэлтгэгддэггүй зэргээс болж мэргэжилтэй ажилгүйчүүдийн тоо нэмэгдэж, ажилгүйдлийн түвшин өссөөр байсан юм.

Тиймээс шийдвэр гаргагчид юун түрүүнд иргэн, ажил олгогч хоёр хоорондоо шууд холбогдох дэд бүтцийг бий болгох нь зүйтэй гэж үзжээ. Ингээд дээрх асуудлыг шийдэх гарц бол мэдээллийн технологид суурилсан дэд бүтэц бий болгох, өөрөөр хэлбэл “Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем”-ийг шийдэх явдал гэж үзсэн учраас Хөдөлмөрийн төв биржээс сонгон шалгаруулалт зарлажээ. Ай Ти Зон компани энэхүү ажлын гүйцэтгэгчээр ажиллаж уг төслийг 2013 оны 1 дүгээр сарын 1-ээс 2014 оны 10 дугаар сар хүртэл бүтээн хөгжүүлж, системийг амжилттай хүлээлгэн өгсөн юм.

Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал өвчин судлалын төв зэрэг байгууллагуудыг хамарч байгаа энэхүү төсөл нь Програм хангамж, Төхөөрөмжийн нийлүүлэлт, Дэд бүтэц болон сүлжээ байгуулах гэсэн үндсэн гурван хэсгээс бүрдэнэ.

Уг төслийн хүрээнд хөдөлмөрийн яамны харъяа байгууллагуудын ажилтнууд ашигладаг үндсэн програм, гадаад хэрэглэгчдэд зориулсан портал вэб сайт болон киоск буюу “Электрон бирж”-ийн програм гээд үндсэн гурван програм хангамж хийгджээ.

“Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем” програмын хувьд frontend буюу хэрэглэгчтэй харьцах үндсэн 8 модуль, backend портал сайтыг тус тус хүлээлгэж өгсөн байгаа.

Frontend систем-ээр Улаанбаатар хотын 9 дүүрэг болон 21 аймгийн Хөдөлмөрийн төв биржийн ажилтнуудын өдөр тутмын үйл ажиллагааг системчилсэн бөгөөд Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, Татварын Ерөнхий газар, Нийгмийн даатгалын газартай мэдээллээ мөн солилцоно.
 Backend систем нь олон нийтэд зориулсан портал вэб сайт (http://www.labornet.mn) ба ажил олгогч, ажил хайгч, ажлын байрны анкет, ажлын зарын мэдээллийг бүртгэх, удирдах үйл ажиллагаатай. Уг систем нь гадны болон дотоодын хөдөлмөр зуучлалын үйл ажиллагааг удирдан зохицуулах боломжийг олгох юм.  
“Электрон бирж” буюу киоскийн програм хангамж хийгдэж бүх нэгжүүд дээр байрлаж иргэдэд мэдээллээр ханган ажиллаж байна.

LMIS - Хөдөлмөрийн Зах Зээлийн Мэдээллийн Нэгдсэн Системийн тухай

Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн систем нь Монгол улсын хөдөлмөрийн яамны харъяа байгууллагуудын үйл ажиллагааг илүү хурдан шуурхай, нээлттэй болгож, хөдөлмөрийн зах зээл дээрх мэдээллийг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлэн дүн шинжилгээ хийх боломжтой систем юм.

Системийн давуу тал:

 

  • Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газруудтай холбогдож, мэдээллийн үнэн бодит байдлыг шалгаснаар мэдээллийн давхардал үүсэхээс сэргийлнэ. Мөн эдгээр байгууллагуудтай холбогдсоноор иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг бүртгэх гар ажиллагааг хөнгөвчилнө.
  • Сүүлийн үеийн дэвшилтэд технологи дээр суурилсан тул 24/7 ажиллах ба байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлсэн нөөц системтэй.
  • Ажил хайгч, ажил олгогч нар нь Портал сайтаар дамжуулан өөрийн мэдээллийг хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн системд орон зай, цаг хугацаа үл хамааран оруулах боломжтой.
  • Ажил хайгчид нийцэх ажлын байрууд, нөгөө талаас ажлын байранд нийцэх ажил хайгч нарыг систем автоматаар тооцоолж санал болгоно.
  • Байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд өөрсдийн хэрэгцээт тайлан, тоон мэдээг хүссэн үедээ гарган авах боломжтой.

 

Хөдөлмөрийн Зах Зээлийн Электрон бирж

Монгол улсын хэмжээнд зарлагдсан ажлын байрны мэдээллийг танил талаараа дамжуулан олж авах биш хүнд суртал, ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр авах боломжийг “Электрон бирж” олгодог. Тухайн ажил хайж буй иргэн компьютергүй, унааны мөнгөгүй байж болох ч таны ойр байгаа “Электрон бирж”-ийг ашиглан идэвхтэй байгаа ажлын байрны мэдээллийг авах, дээр нь регистр, утасны дугаар, шаардлагатай мэдээллээ илгээж нэмэлт үйлчилгээ авах боломжтой. Мөн тус програм нь боловсрол, цалин, мэргэжил, туршлага, нас, хүйс зэрэг үндсэн үнэлгээний найман үзүүлэлтийг автоматаар боловсруулалт тохируулалт хийн, тухайн ажил хайгч иргэнд тохирох ажлын байр, ажиллах хүчнийг ажил олгогчдод санал болгох юм.

Ай Ти Зон компани шийдлийг боловсруулсан, нэвтрүүлсэн аргачлал, ажиллагааны тухай

Програм хангамж нь шууд хүлээлгэн өгдөг бүтээгдэхүүн биш бөгөөд хүлээлгэн өгөх олон улсын стандарт дараалалтай байдаг. Үүнд:

  • Анализ буюу хэрэглэгчийн хүсэлтийг тодорхойлох
  • Дэлгэцийн зохиомж, дизайныг гаргах
  • Програмчлалын кодыг бичих үе
  • Тест буюу зүгшрүүлэлт гээд дээрх үе шатуудын дагуу хөдөлмөрийн биржийн системийг хөгжүүлж хүлээлгэн өгсөн.

Програм хангамж, системийн архитектурын хувьд олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн технологи, ололт дэвшилтийг ашиглаж хийсэн. Тухайлбал: Өгөгдлийн Cангийн Удирдах Систем database-ийн хувьд дэлхийд мэдээллийн технологиороо дээгүүрт ордог Oracle компанийн бүтээгдэхүүн JAVA програмчлалыг ашиглан Ай Ти Зон компанийн инженерүүд системийг хөгжүүлсэн бол Microsoft компанийн технологийг ашиглаж “Электрон бирж” буюу киоскийн програм хангамжийг бичсэн.

Бид захиалагчийнхаа шаардлагыг ойлгон, түүнд нийцсэн програм хангамжийг хөгжүүлэхийн тулд Хөдөлмөрийн төв биржийн ажлын хэсэг болон Ай Ти Зон компанийн програм хангамжийн газраас нийт 40 гаруй удаагийн уулзалтыг зохион байгуулсан.

 Энэхүү төсөлд нийт 26 төрлийн 2500 гаруй тоног төхөөрөмжийг нийлүүлэн, Монгол улсын 29 аймаг, 9 дүүргийг холбосон интернэт, VPN сүлжээний ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил хайгч болон ажил олгогчийг холбосон хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийн нэгдсэн сүлжээг амжилттай бий болгож, улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж чадсан.

Хэрэглэгчийн сэтгэгдэл:

Хөдөлмөрийн төв биржийн дэд дарга, доктор Д.Баттогтох: Бид Хөдөлмөрийн яамны харьяа байгууллагууд болох Хөдөлмөрийн төв бирж, Хөдөлмөр эрхлэлт үйлчилгээний төв, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөрийн аюулгүй байдал, өвчин судлалын төв болон бүх аймаг дүүргүүдийн хөдөлмөрийн хэлтсүүдийг дотоод VPN сүлжээнд холбоод байна. Үүгээр бид Хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг хоорондоо шуурхай, өндөр нууцлалтайгаар солилцох боломжтой болсон. Тус төслийн хүрээнд иргэн, ажил олгогч нар цахим орчинд уулзах Online програм хангамжийг мөн хөгжүүлэн нэвтрүүлсэн бөгөөд төсөлд гүйцэтгэгч талаас Ай Ти Зон компани ажилласан нь үндэсний бүтээн байгуулалтад төр хувийн хэвшилтэй хамтран хийж байгаа бас нэгэн томоохон ажил юм.

Үндсэн цэс