"PMIS" Прокурорын Байгууллагын Үйл Ажиллагааны Мониторинг Систем

Прокурорын байгууллага нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах үндсэн чиг үүрэг бүхий төрийн байгууллага юм. 1930 онд тухайн үеийн Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 25-р тогтоолоор Монгол улсад прокурорын байгууллага байгуулах анхны шийдвэр гарч шаардлагатай эрх зүйн орчныг бий болгох ажлыг эхлүүлсэн байна. Прокурор нь хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож, хяналт тавина гэж Монгол улсын үндсэн хуульд заажээ.

Улсын Ерөнхий Прокурорын Газар

Байрлал: Монгол улс, 21 аймаг, 8 дүүрэг
Нэгж: 21 аймаг, Улаанбаатарын 8 дүүрэгт 36 нэгжтэй
Байгуулагдсан: 1930 он
Системийн нэр: Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем

ТУЛГАРСАН АСУУДАЛ:

  1. Ажлын ачаалал. Жил ирэх тусам монгол улсад гарах гэмт хэргийн тоо нэмэгдэж, улсын хэмжээнд жилд дунджаар 30,000 гэмт хэрэг бүртгэгдэж, 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учирч байна. Энэ бүх хэргийг бүртгэж, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж ажиллах үүргийг  шат шатны прокурорын байгууллага хүлээдэг. Үүнээс гадна хийсэн ажлаа тайлагнах, тоон мэдээлэл гаргахад нийт ажлынхаа 60-80 хувийг зарцуулж, үндсэн үүргээ биелүүлэхэд багахан цаг зарцуулдаг байжээ.
  2. Ажлын удаашрал. Тэд нийт 37 төрлийн бүртгэл хөтөлж, бас бүртгэл хөтөлсөн тухай бүртгэл хүртэл хийдэг байсан нь прокурорын үндсэн ажлынх нь бүтээмжээс илт хойш чангааж байлаа. Хэрэг шийдвэрлэлт тэр хэрээр удааширч, прокурорын байгууллага хүнд суртал гаргаж буй мэт сэтгэгдэл иргэдэд төрж байсан. Үүнээс үүдэж хэрэгт холбогдсон иргэдэд ч чирэгдэлтэй байсан юм.
  3. Сул хяналт. Бүх тайланг гараар бичиж, дарга нарт хүргүүлэх, хянуулах, гарын үсэг авах гэхчлэн ажлын процесс маш удаашралтайгаас гадна тэр бүх мэдээллийг хянаж, үзнэ гэдэг удирдлагуудад ч хүнд ачаалал үүсгэж байв. Прокурорын ажлын ачаалал асар их болж, хяналтын ажил ёс төдий хийгдэж байсныг тухайн үед Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн Хууль цаазын Тэргүүн зөвлөхөөр ажилласан байсан Д.Дорлигжав нэгэнтээ дурдаж байсан юм.

АСУУДЛЫН ШИЙДЭЛ:

Дээрх нөхцөл байдлаас үүдэж, мөн дэлхий нийтийн хандлага болсон и-засаглал буюу электрон засаглал нэвтрүүлэхийг цаг үе шаардаж байсан юм. Дэлхийд эрх зүйн тогтолцоо нь өндөр хөгжсөн улсууд прокурорын байгууллагын нэгдсэн системтэй байдаг бөгөөд энэ нь тухайн орны онцлог, хууль эрх зүйн байдлаас шалтгаалан өөр хоорондоо ялгаатай байдаг. Монгол улс энэ жишгийн дагуу Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторинг удирдлагын системийг хөгжүүлсэн юм. Энэ системийг Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллага (GIZ)-ын дэмжлэгтэйгээр Ай Ти Зон компани дотооддоо бүтээж хөгжүүллээ.

ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МОНИТОРИНГ УДИРДЛАГЫН СИСТЕМ

Монгол Улсын бүх хууль, Ерөнхий прокурорын болон нийтлэг шинж чанартай тушаал зааврууд, мөн Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль зэрэг бүх хуулийг уг программд оруулсан байна. Мөн прокурорын болон туслах ажилтны эрх үүргийг тодорхой зааж өгсөн бөгөөд нэг  ёсондоо прокурорын үйл ажиллагааны бүх процессыг загварчлалд оруулж өгчээ. Энэ нь ажлын процессуудыг хялбаршуулж, сайжруулах, давхардлыг арилгах, оновчтой болгох зорилготой  инженерчлэлийн ажил байсан юм.

СИСТЕМИЙН ДАВУУ ТАЛ:

  • Ажлын ачаалал 40-50 хувь буурав. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн систем нь бүхнийг компьютерээр хийдэгтээ биш, ажлын ачааллыг маш олон дахин бууруулсанд оршиж байгаа юм. Прокурорын ажлын ачааллыг 40, 50 хувь бууруулж, орон тоо олноор нэмэх шаардлагагүй болжээ. Одоо прокурорууд нэг минутын дотор бүх системийн хэмжээнд, бүх төрлийн өгөгдөхүүнээр мэдээ гаргах боломжтой болсон байна.
  • Хяналт сайжрав. Үндсэн үйлдвэрлэл болох хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг хяналттай болгожээ. Түүнчлэн алдаа гаргах эрсдэлийг багасгасан. Прокуроруудын хэргийг хянах, шийдэх хугацаа нь богино болж, тэр хэрээр иргэд ч хэргээ шийдүүлэх гэж удаан хүлээхээргүй боллоо гэсэн үг. Мөн тухайн байгууллагын дотоодын хяналтыг хэрэгжүүлэхэд хялбар болж, прокурорын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах нэг үндэс болсон. Түүнчлэн хамгийн том үр дүн бол прокурорын эрсдэл гаргах магадлалыг бууруулсан. Нэг прокурор жилд дунджаар 200-1000 орчим хэрэгт ял төлөвлөдөг. Нэг хэрэгт 5-19 хоног зарцуулах стандарт хугацаатай. Гэхдээ ажлын ачаалал, бусад асуудлаас болж зарим нь орхигдох, шийдэгдэхгүй удах тал бий. Харин уг системийн шийдэлд прокурорын ажлыг сануулах тохиргоо хийснээр прокурор компьютерээ асаахад дэлгэцэд 3 төрлийн өнгө асна. Үүнд:
    • Ногоон- Хугацаа дуусах болоогүй хэргүүд
    • Шар- Хугацаа дуусах дөхсөн хэргүүд
    • Улаан- Хугацаа дууссан хэргүүдийн тухай мэдээллийг өгөх бөгөөд энэ нь ажлаа төлөвлөхөд маш их дөхөм болдог байна.
  • Мэдээллийн бааз үүсгэв. Жишээлбэл, хорих ангийн тухай мэдээлэл үзэхийг хүсвэл, тухайн ангид хэдэн хоригдол байгаа, түүнээс энгийн болон чанга дэглэмтэй, гяданд хэдэн хүн байгааг харж болох юм. Хууль зүйн сайд УИХ-д мэдээлэл гаргаж өгөх боллоо гэхэд хуулийн бүх байгууллагаас мэдээлэл өгөхийг хүсч, хүлээн суухын оронд өөрөө онлайнаар бүх мэдээллийг авч болно.

АЖЛЫН ЯВЦ:

Үйл ажиллагааны процессийн судалгаа, загварчлалыг зөвлөх мэргэжилтнээр удирдуулсан 16 хүнтэй ажлын хэсэг 2011 оны 1-р сард байгуулагдаж системийг хөгжүүлэх ажлаа эхлүүлжээ. Ингээд өдөр шөнөгүй шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд 2 жилийн дараа буюу 2013 онд системийг бүтээн хөгжүүлж дууссан юм. Дэлхийн жишигт яг ийм том хэмжээний системийг дунджаар 20 жил хөгжүүлдэг бол монгол инженерүүд хоёрхон жилийн дотор гүйцэтгэсэн нь олон улсын анхаарлыг татсан үйл явдал болсон билээ. Нэмж хэлэхэд, мэдээллийн технологийн чиглэлээр дэлхийд тэргүүлдэг гэгдэх Энэтхэг улсын инженерүүд энэ ажлыг анх эхлэх үед “Ийм богино хугацаанд энэ хэмжээний ажлыг хийх боломжгүй” гэж байсныг дурдах хэрэгтэй.

СИСТЕМИЙН НЭВТРҮҮЛЭЛТ:

Анх системийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд орон нутгийн бүх салбарт сургалт зохион байгуулж, тусгай гарын авлагаар бүрэн хангасан. Үргэлж цаас, балтай ажиллаж байсан зарим хүмүүс компьютер хэрэглэх ёстой болж, тэр хэрээр  хүндрэл үүсч байлаа. Гэхдээ сайн сургалт, сайн гарын авлагын ачаар одоо бүх прокурорууд энэ системийг ашиглаж байна. Нэг програмист, 2 прокурор бүхий 3 хүнтэй 5 баг гаргаж 21 аймгаар явж бүтэн сарын турш сургалт хийснээр прокурорын бүх байгууллагад системийг хэрэглэх аргачлалыг бүрэн сургасан байна. Одоо Монгол улсын прокурорын бүх байгууллагууд бүх тайлан мэдээгээ энэ системээр гаргаж байна. Мөн системтэй холбоотой аливаа асуудлыг шийдвэрлэж, байнга хөгжүүлж байх ажлын байрыг бий болгож, шат шатны прокурорын байгууллагын дэргэд Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албыг байгуулсан. Шинэ систем нэвтрүүлэхтэй зэрэгцээд аймаг, нийслэлийн бүх шатны прокурорын байгууллагуудыг шилэн кабелаар холбожээ. Ингэснээр системийн аюулгүй байдал, нууцлалын хувьд найдвартай болсон бөгөөд системд зөвхөн прокурорын байгууллагын дотоод сүлжээнээс нэвтрэх боломжтой.

СИСТЕМИЙН САЙЖРУУЛАЛТ: VERSION 2.0

Системийн 2.0 хувилбарт Хяналтын модуль буюу өмнөх хувилбар дээрх хэн, хэзээ, хаанаас орсон, ямар үйлдэл хийснийг хянах бололцоотой модулийг шинээр нэмж өгсөн.. Мөн прокуроруудын хүсэлтээр шинэ функц, боломжуудыг нэмсэн байгаа. Жишээ нь: Гомдол болон хэргийг илүү олон нөхцлөөр хайх, мөн Мэдээлэл судалгаа, Дүн шинжилгээний албанд зориулж хэргийн мэдээллүүдийг график үзүүлэлтүүдээр харуулдаг болсон гэх мэт. Цаашид ч энэ мэт системийн сайжруулалтууд хийгдээд явах боломжтой.

СИСТЕМИЙН ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭГДЭЛ:

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх асан Д.Дорлигжав:

- Цахим Засаглал буюу Электрон засаглалыг хэрэгжүүлэх ажлын эхлэлийг бид тавьж байна. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторинг удирдлагын системийг нэвтрүүлснээр  үйл ажиллагааны процессын инженерчлэлийн шатанд ажлынхаа ачааллыг бууруулсан. Хоёрт, цаг хугацаа шуурхайлах болон үйл ажиллагаандаа хяналттай болсон. Гуравдугаарт, хүссэн мэдээллээ гаргаж авах боломжтой буюу байгууллагын “ой санамж”-тай болсон нь асар том давуу талууд болж байна.

УЕПГ-ын Мэдээллийн технологи, дүн шинжилгээний албаны дарга Д.Булганцэцэг, тус албаны хяналтын прокурор Д.Бөхчулуун:  

Энэ систем нь Прокурорын байгууллагын бүхий л үйл ажиллагааны бүртгэл, судалгааг цахимжуулсан төдийгүй үндсэн хяналтын ажилд дэмжлэг үзүүлэх, мониторинг хийх боломжтой, мэдээллийн нэгдсэн сан бүхий програм хангамж болсон. Системийн нэг том давуу тал бол мэдээ гаргах, нэгтгэх ажлыг автоматаар хийдэг. Энэ нь маш их цаг хэмнэж байна. Тодруулбал, улс даяар байгаа прокурорын байгууллагын 36 салбар нэгжээс 11 төрлийн 500 орчим мэдээг гаргаж нэгтгэхэд хоёрхон цаг зарцуулж байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон Улсын Хамтын ажиллагааны байгууллагын “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа:

Манай байгууллага дэлхийн 130 гаруй улстай хамтын ажиллагаатай. Түүнээс 20 гаруй улсад хууль, эрх зүйн чиглэлээр төсөл хэрэгжүүлдэг. Энэ 20 гаруй улсуудад манай систем тэргүүн туршлага болж чадсан. 2013 онд Герман улсын шинжээчид ирж үзээд тэргүүн туршлага мөн юм гэдгийг албан ёсоор хэлсэн. Бид монгол талаасаа хамтран ажиллаж байгаагийн хувьд энэ үгийг сонсох үнэхээр сайхан байсан. Өдөр шөнийг ялгалгүй бүх сэтгэл зүрхээ гарган ажилласны үр дүнд Ай Ти Зон компанийн програмист, инженерүүд мэргэжлийн “үнэмлэхгүй” прокурор, харин манай прокурорууд “дажгүй сайн” програмистууд болчихоод  байна. Энэ нь хоёр байгууллагын хамтын ажиллагааны нэг том ололт юм. Мөн монгол инженерүүдээрээ бахархаж байгаагаа илэрхийлж байна. Бидний хувьд Германы ард түмний татварын мөнгөнөөсөө илүүчлэн байж ирүүлсэн мөнгийг эх нутагтаа хэрэгтэй юм болгоод үлдээчих юмсан л гэж хичээж ажилладаг даа.

Ай Ти Зон компанийн Програм хангамжийн хэлтсийн дарга С.Хишигбаатар: Одоо улсын хэмжээнд прокурорын бүх шатны байгууллагын тайлан мэдээ, гүйцэтгэлийн үнэлгээг бидний бүтээн хөгжүүлсэн систем ашиглаж гаргаж байна. Тус төсөл богино хугацаанд амжилттай хэрэгжихэд нөлөөлсөн хэд хэдэн хүчин зүйл бий гэж боддог. Үүнд:

  • Уг төслийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага хэдийн үүссэн байсан.
  • Захиалагч болон гүйцэтгэгчид нэг завинд сууж чадсан.
  • Төслийн менежментийг сайн хийсэн, программистууд маань сайн ажилласан
  • Сургалтаа сайн хийсэн, гарын авлагаа сайн бэлдсэн.
  • Удирдлагын зүгээс сайн дэмжсэн, програмыг өдөр тутмын үйл ажиллагаатай нь уяж өгсөн.

 

Үндсэн цэс