Монгол Улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээс тоон системд шилжүүлэх төсөл

Олон улсын цахилгаан холбооны байгууллагын 2006 онд хуралдсан Радиогийн их хурлаар 2015 он гэхэд дэлхийн бүх улс орон радио, телевизийн өргөн нэвтрүүлгийн сүлжээ, үйлчилгээг тоон технологид шилжүүлэх шийдвэр гаргасан. Өнөөдрийн байдлаар дэлхийн ихэнх орон аналог системтэй радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг бүрэн зогсоож, тоон радио, телевизийн өргөн нэвтрүүлэгт шилжээд байна. Европын бүх орон 2015 онд бүрэн шилжихээ мэдэгдээд байгаа бол Ази, Номхон далайн бүсийн орнуудын дийлэнх нь 2013 онд аналог өргөн нэвтрүүлгийн сүлжээг бүрэн зогсоогоод байна. Харин Монгол улс 2015 оны 7 дугаар сард тоон технологид бүрэн шилжихээр бэлтгэл ажлаа хангаж байна.

Хамгийн сүүлд гаргасан тооцоогоор Монгол улсад 285 телевиз үйл ажиллагаа явуулж байна. Энэ нь Монгол улс нэг хүнд ногдох телевизийн тоогоор дэлхийд тэргүүлж, 16216 хүн тутамд нэг телевизийн суваг ногдож байгаа судалгаа гарчээ. Гэвч энэ олон телевизийн эфирийн чанар хангалттай бус, алслагдсан дүүрэг, аймаг, сумдын иргэд цөөн суваг үздэг, эдгээр сувгууд нь маш хангалтгүй гаралттай байлаа. Иргэдийн мэдээлэл хүлээн авах гол суваг болсон радио, телевизийн цацалтын чанар орон нутаг бүрт харилцан адилгүй байв. Төвлөрсөн хот суурин газрын хэрэглэгчид илүү өндөр чанартай долгион хүлээн авч дүрсний өндөр нягтшилтай, дуугаралт сайтай нэвтрүүлэг үзэж байхад орон нутгийнхан, ялангуяа зах хязгаар нутгийн иргэд чанарын наад захын шаардлага хангахааргүй нэвтрүүлэг хүлээн авч байлаа. Мөн шуугиан болон харилцан нөлөөлөлд өртөх, телевизийн нэвтрүүлэг хүлээн авах боломжгүй хаалттай бүс үүсэх зэрэг дутагдалтай талууд байсан юм.

Иймд дэлхий нийтийн чиг хандлагыг даган тоон технологид шилжиж өргөн нэвтрүүлгийн гаралтын чанарыг дээшлүүлэх ёстой болсон бөгөөд олон улсын байгууллага ч ийм шаардлага тавьж байсан юм. Ингээд Монгол улсын телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон системд шилжүүлэх төслийг Мэдээлэл технологи, шуудан харилцаа холбооны газраас хэрэгжүүлсэн ба Ай Ти Зон, ДДШ, Нью Телеком компаниуд хамтран хэрэгжүүлсэн ба Монгол улсын 361 сум, суурин газарт тоон технологид шилжихэд шаардлагатай дэд бүтцийн ажлыг гүйцэтгэснээс Ай Ти Зон компани нийт 361 сум суурийн газрын 141-д буюу 39 хувьд нь систем шилжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг байгуулах ажлыг хийж гүйцэтгэсэн байна.  

Монгол улс тоон технологид шилжсэнээр үзэгчдийн хувьд дуу, дүрсний өндөр чанартай телевизийн нэвтрүүлэг хүлээн авахаас гадна телевизийн нэвтрүүлгийг зөвхөн суурин байдлаар бус хөдөлгөөнт байдлаар ч хүлээн авч үзэх бололцоотой болжээ. Өөрөөр хэлбэл телевизийн хөтөлбөрийг гар утас, таблет, гэх мэт төхөөрөмжүүдээр хүлээн авч болно гэсэн үг. Харилцаа холбооны зохицуулах хорооноос телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот болон орон нутагт шинээр суурилуулагдаж байгаа тоон телевизийн станцын хамрах хүрээний тархалтын тооцоолол, зураглалыг хийсэн байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.crc.gov.mn/k/1k/1v холбоосоор үзээрэй.

Ай Ти Зон компани телевизийн аналог системээс тоон системд шилжихэд шаардагдах дэд бүтцийг байгуулав.

Энэхүү төслийг гурван бүсчлэлээр хэрэгжүүлсэн ба Ай Ти Зон компани баруун аймгууд, Улаанбаатар хотын зарим дүүрэг, суурин газруудад, ДДШ компани зүүн аймгуудад, Ньютелеком компани Улаанбаатар хот орчимд тус тус төслийн ажлыг хийж гүйцэтгэв. Тэр дундаа Ай Ти Зон компани Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Ховд, Баян-Өлгий, Орхон, Дархан-Уул, зэрэг 9 аймгийн нийт 141 сумд болон Улаанбаатар хотын Багануур, Налайх дүүргүүдэд дэд бүтэц байгуулах ажлыг хийсэн юм.

Уг ажлыг гүйцэтгэх байгууллагыг сонгон шалгаруулах тендерийг 2014 оны 1 дүгээр сард зарласан бөгөөд Ай Ти Зон компани ялж, 5 дугаар сарын 1-нд "Ажил гүйцэтгэх гэрээ" байгуулан ердөө 3 сар орчмын дотор бүх ажлыг дуусгах ёстой байлаа. Тоон технологид шилжихэд шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгч улсаас захиалах, тээвэрлэн авч ирэхэд гэхэд нэг сар гаруй хугацаа өгөгдсөн байв. Тиймээс Ай Ти Зон компанийнхан байж болох хамгийн богино хугацаанд, хамгийн чанартай төхөөрөмжийг оруулж ирэх судалгаа хийж, бүх тоног төхөөрөмжийг 141 сум, суурин газарт нийлүүлж, суурилуулах ажлыг хугацаанд нь, амжилттай гүйцэтгэж дуусгасан юм.

2014 оны 7 дугаар сарын 31-нд нийслэл Улаанбаатар хотод болон бусад аймаг, сумдад тоон технологид шилжих ажиллагаа нэгэн зэрэг болж, Ай Ти Зон компанийн суурилуулсан дэд бүтэц тоон технологийг үзэгч, хэрэглэгчид саадгүй хүлээн авч эхэлсэн юм. Ай Ти Зон компани нийлүүлсэн бүтээгдэхүүндээ хоёр жилийн баталгаа гаргаж, найдвартай ажиллагааг хангаж байна.

“Өндөр хөгжилтэй Япон, Солонгос улсууд таван жилийн хугацаанд тоон системд шилжсэн бол манай улс ердөө 1.6 жилийн дотор шилжилтийг хийж чадсан” гэж  Монгол улс телевизийн өргөн нэвтрүүлгийг аналог системээс тоон технологид албан ёсоор шилжүүлсэн өдөр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа  олон нийтэд хандаж хэлсэн үгэндээ дурдсан юм. 2014 оны 7 дугаар сарын 31-ны тэр өдрийг “Түүхэн өдөр тохиолоо” хэмээн хэвлэл мэдээллийнхэн онцолж байлаа. 

 

Үндсэн цэс