Интермед эмнэлгийн Барилгын нэгдсэн удирдлагын систем

Олон улсын эрүүл мэндийн байгууллагын стандартад эмчлүүлэгчийг эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд эмчилж сувилж, байрлуулахаар заасан байдаг. Тиймээс ч дэлхийн жишигт ухаалаг барилгын шийдлүүдийг эрүүл мэндийн салбарт өргөнөөр ашиглаж байна. Нэгэнт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн, өвчтэй байгаа,  тусламж үйлчилгээ шаардлагатай хүнд нэмэлт ачаалал үүсгэхгүйн тулд бүх зүйлийг эмчлүүлэгчийн тав тухтай, аюулгүй байдлын төлөө мөн эмч сувилагчийн ажлыг зөв зохион байгуулахад эмнэлгийн барилгын нэгдсэн удирдлагын системийг ашигладаг.

Building Management System буюу Барилгын нэгдсэн удирдлагын систем гэдэг нь энгийнээр тайлбарлавал тухайн барилга байгууламж дахь галын дохиолол, агааржуулагч, цахилгаан, дулаан зэрэг гол болон дэд системүүдийг нэг дороос удирдаж, хянахад зориулагддаг. Ингэснээр барилга болон барилгад суурилсан төхөөрөмжүүдийн наслалтыг уртасгах, системүүдэд гарсан асуудлуудыг богино хугацаанд засч, цахилгаан болон урсгал зардал, цаг хугацааг хэмнэх боломжуудыг бий болгосон орчин үеийн шийдэл юм. Манай улсын хувьд дээр дурдсанчлан энэхүү системийг цогцоор нь суурилуулсан анхны барилга нь Интермед эмнэлэг болов. Интермед эмнэлгийг М-Си-Эс групп, Энержи ресурс ХХК болон Шунхлай групп хамтран байгуулсан бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээ авахаар гадаад улсыг зорьдог иргэдийн урсгалыг сааруулах зорилготойгоор 2014 онд ашиглалтад оруулсан юм. Интермед эмнэлэг нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Богд хааны ордон музейн баруун хойд талд 5 давхар 4 блокоос бүрдсэн, гаднаа 150 машины зогсоол, харуул хамгаалалт болон ногоон байгууламжийг цогцоор төлөвлөж байгуулсан объект юм. Хэвтэн эмчлүүлэх 91 ортой бөгөөд мэс засал, дотор, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүд, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн үндсэн тасгуудаас гадна нүд, шүд, чих, хамар, хоолой, мэдрэл, арьс, харшлын нарийн мэргэжлийн кабинетуудтай. Интермед эмнэлэг нь  жилд  5000 хүн хэвтэн эмчлүүлэх, 100 000 хүнд амбулаторийн болон урьдчилан сэргийлэх тусламж, үйлчилгээг хүргэх хүчин чадалтай.    

<iframe width="560" height="315" src="https://www.youtube.com/embed/1yZVmRCjvtg" frameborder="0" allow="autoplay; encrypted-media" allowfullscreen></iframe>

Эмнэлгийн барилгын автоматжуулалтын төслийн ажил 2012 онд тендерээр зарлагдаж, мэдээллийн технологийн Ай Ти Зон компани шалгарсан ба тухайн үед барилгын ажил үндсэндээ цаасан дээр байсан хэдий ч Ай Ти Зон компани Австрийн “Вамед” группийн зөвлөгөөний дагуу ухаалаг цогц системийг суурилуулах ажлыг эхлүүлсэн юм. Гэхдээ уг системийг суурилуулах явцад тус эмнэлгийн барилгын өрөөнүүд, бүтэц өөрчлөгдөх зэргээр урьдчилан таамаглах боломжгүй асуудлууд гарч байсан ч асуудал бүрийг хамтын ажиллагаагаар даван туулж чадсанаар Интермед эмнэлэг өнөөдөр Монголын цорын ганц “ухаалаг” эмнэлгээр нэрлэгдэж байна. Барилгын үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хянах боломжтой дараах системүүдийг суурилуулан, тэдгээр нь амжилттай нэвтрээд ажиллаж байна. Үүнд:

  • BМS-Барилгын нэгдсэн удирдлагын систем
  • Fire Detection-Галын болон аюулгүйн дохиоллын систем
  • CCTV-Хяналтын камерын систем
  • Public Address-Зарлан мэдээлэх систем
  • Access Control-Нэвтрэх хяналтын систем
  • Intrusion Alarm-Халдлагаас хамгаалах
  • Nurse Call-Сувилагч дуудах систем
  • PBX-Дотуур холбоо
  • LAN-Дотоод сүлжээ

Интермeд эмнэлэгт АНУ-ын Тайко брэндийн Хаяглагддаг галын дохиоллын системийг суурилуулсан. Тус систем нь хаяглагддаг учир энгийн дохиоллын системээс олон давуу талтай. Энгийн системүүд гал тухайн объектын аль хэсэгт гарсныг илрүүлэхийн тулд барилгын эрсдэлд орсон хэсгийн өрөө тус бүрийг шалгасаар цаг алдах, богино хугацаанд эд хөрөнгө сүйдэх аюул нүүрлэж болох бол хаяглагддаг галын системийг ашигласнаар яг хаана, хэдэн тоотод гал гарч байгааг хяналтын самбараас шууд мэдэж, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулан хамгийн эрсдэл багатайгаар аюулыг давах боломжийг олгодог. Мөн эмнэлгийн орчинд хэт их халалт байж болохгүй, агаарыг тодорхой хэмд барьж байх ёстой тул агааржуулалтын систем автоматаар ажиллаж, тогтоосон хэмээс хэтэрсэн эсвэл багассан тохиолдолд салхивчийг онгойлгож, агаарыг нэвтрүүлэх, эргээд хаах үйлдлүүдийг гүйцэтгэж байна.

Дараагийн суурилагдсан систем болох Intrusion alarm буюу Халдлагаас хамгаалах систем нь эмнэлгийн объект, өрөө тасалгаанд зөвшөөрөлгүйгээр хүн нэвтрэх, гэнэтийн халдлагад өртөх тохиолдолд автоматаар мэдээлж, хянах боломжийг олгоно. Харин Зарлан мэдээлэх систем нь микрофон, аудио эх үүсвэрийн төхөөрөмжийг ашиглан барилгын нийтийн эзэмшлийн талбай болон өрөө, тасалгаануудад суурилуулсан чанга яригчаар дамжуулж эмнэлгийн барилгад байгаа хүмүүст мэдээлэл, зарлал, аюулаас сэргийлэх анхааруулга зэргийг хүргэх зорилготой. Интермед эмнэлгийн хувьд Зарлан мэдээлэх систем нь Галын дохиолол болон Хулгайн дохиоллын системтэйгээ холбогдож аливаа эрсдэлээс бүрэн сэргийлэх боломжтой.

Эмнэлэгт зайлшгүй байх ёстой бас нэг систем нь Nurse Call буюу Сувилагч дуудах систем юм. Өвчтөний бие муудсан, яаралтай тусламж шаардлагатай тохиолдолд сувилагчийг амжиж дуудаагүйгээс олон хүндрэл үүсч болно. Тэгвэл Интермед эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөн өрөөнөөсөө, тэр бүү хэл “00”-ын өрөөнөөс товчлуур дараад сувилагчийг даруй дуудах боломжтой. Nurse Call-ийн сувилагчийн дүрс бүхий улаан товчлуурыг дарахад шар гэрэл асна. Энэ үед сувилагч өвчтөн дээр гүйн ирж яаралтай тусламж үзүүлэх ба ирснээ мэдэгдэн товчийг дарна. Хэрэв сувилагч ирсэн ч өвчтөнд тусламж үзүүлж чадахгүй байвал дахин улаан гэрэл асна. Улаан гэрэл асангуут нарийн мэргэжлийн эмч болон бусад шаардлагатай эмнэлгийн ажилтнууд багаж хэрэгсэлтэйгээ өвчтөн дээр яаралтай ирж, үйлчилгээ үзүүлэх юм. 

Сэтгэгдэл:

Интермед эмнэлгийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Ч.Раднаабазар:

Ай Ти Зон компани олон сайн инженерүүдтэй. Аливаа ажлыг чанарын өндөр түвшинд хийдэг. Бас нэг ажигласан зүйл бол Ай Ти Зон компани инженерүүдээ байнга сургалтад хамруулж, хөгжүүлдэг юм билээ. Тийм ч учраас Интермед эмнэлэг Ай Ти Зон компанийг сонгож, хамтран ажилласан гэж хэлж болно. Вамед группийн тавьсан шаардлагад үндэслэн Ай Ти Зон-ын инженерүүдтэй хамтран ажиллах хугацаанд их зүйлийг сурч мэдсэндээ баяртай байна.

Ай Ти Зон компанийн Бизнес шийдэл хариуцсан менежер Б.Наранжаргал:

System Integrated smart building, BMS building системүүдийг цогцоор нь суурилуулсан барилгууд одоогийн байдлаар бараг байхгүй гэж хэлж болохоор байгаа. Харин энэ цогц системийн бүрэлдэхүүнд байдаг, зарим дэд системүүдийг суурилуулсан зочид буудал, оффисууд бол нилээд бий. Манай компани Вuilding Management System-ийг 2 жилийн хугацаанд судлан хөгжүүлж байгаад 2012 оноос Интермед эмнэлэгт анх удаа суурилуулж эхэлсэн.  Бид бүх системүүдээ дэлхийд танигдсан брэндүүдийн чанартай тоног төхөөрөмжүүдээр тоноглохыг зорьсон, эмнэлгийн зүгээс ч тодорхой шаардлагуудыг тавьсан. Эмнэлэг бол мэдээллийг маш хурдан солилцох ёстой байгууллага. Интермед эмнэлэг мэдээллийн серверийн том өрөөтэй болж, тэндээ мэдээллийн баазтай болсон. Энд 10 гега-ийн хурдаар хоорондоо мэдээлэл чөлөөтэй солилцдог нь яах аргагүй давуу тал юм. Энэ олон системийг нэг дэлгэцээс нэгтгэж хараад, гал гарах, ус алдах, ямар нэгэн асуудал үүсэхийг хянах боломжтойн дээр тухайн системд бүртгэлтэй ажилчдын гар утас руу мессежээр давхар мэдэгддэг. Ерөөс өвчтөний аюулгүй байдал гэдэг талаасаа энэ систем хамгийн найдвартай байдлыг хангаж байгаа. Ийнхүү “Барилгын нэгдсэн удирдлагын систем” буюу ухаалаг барилгын цогц шийдлүүдийг Ай Ти Зон компанийн шилдэг инженерүүдийн тусламжтайгаар суурилуулсан Интермед эмнэлэг эмчилгээ үйлчилгээний орчин үеийн дэвшилтэт технологи, тав тухтай аюулгүй орчин, шилдэг үйлчилгээгээрээ үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлсэн.

Бусад шийдлүүд

Үндсэн цэс