Нисэх загварын дэлхийн аварга монгол улсаас шалгарлаа

Нийтэлсэн: 2015.09.10 | |

Монголд төдийгүй Азидаа анх удаа зохиогдож байгаа Нисэх загварын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (FAI 2015 WORLD CHAMPIONSHIPS FOR FREE FLIGHT) Налайх дүүргийн Дархан ноёны Худаг дээр 7 дугаар сарын 21-ээс 8 дугаар сарын 3-ны хооронд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээнд нийт 37 орны шигшээ баг тамирчид, үүнд нэг улсын баг 10-аад хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцож, ойролцоогоор 300 орчим тамирчин хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа шалгахаар өрсөлдсөн бөгөөд тэмцээний шүүгчээр гэхэд 100 гаруй хүн ажиллажээ. Монгол улсын хувьд орон нутгаас тухайлбал, Баянхонгор, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгаас 60 гаруй тамирчид оролцсоны зэрэгцээ монголын тамирчин тун амжилттай оролцож, дэлхийн аваргын анхны цомыг хүртлээ.

Олон улсын хэмжээний мастер М.Гонгор Дэлхийн аваргын цомын эзэн болж Монгол улсын анхны Нисэх загварын спортын Дэлхийн аварга болжээ.  F1B буюу резинэн хөдөлгүүрт төрөлд Япон, Өмнөд болон Хойд Солонгос, Хятад, Швед, Швейцарь, Герман, Франц, Итали зэрэг 30 гаруй орны тамирчид өрсөлдсөнөөс 7 нислэгийн нийлбэр дүнгээр манай тамирчин М.Гонгор тэргүүлж, дэлхийн аварга хэмээх цолыг хүртсэн байна. Харин хоёр, гуравдугаар байрт Украйны тамирчин Стефанчик Стефан, Кулаковски Олег нар шалгарчээ. Нийт багийн дүнгээр манай улс дэд байранд шалгарлаа. Инженерийн спорт гэгддэг нисэх загварын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа зохион байгуулахад Ай Ти Зон компани, Могул брэнд хамтран ажилласан юм.

Нисэх загварын спортын тухай:

1754 онд М.В.Ломоносов цаг уурын багаж хөөргөх загвар зохион бүтээсэн нь орчин үеийн нисдэг тэрэгний анхны загвар байлаа. Мөн аэродинамикийн шинжлэх ухааныг үндэслэгч Д.И. Менделеев, Н.Е.Жуковский нарын анхны нээлтүүд нь дөнгөж онгоц зохион бүтээх ажилд тохиолдож байсан бэрхшээлүүдийн нууцыг тайлах, агаарт биетийн хөдөлгөөний хуулиудыг нээхэд нисэх загварын төрлүүд онцгой үүрэгтэй байжээ. Хожим нисэх загвар сонирхогчдын хүрээ өргөжин, спортын хандлагатай болж, Франц, Англи зэрэг олон оронд нисэх загварын спортын дугуйлан хичээллэж, уралдаан тэмцээнүүд зохион байгуулагддаг болжээ. Энэ спорт манай оронд 1965 оноос хөгжиж эхэлсэн байна ба тухайн үед Монголын пионер сурагчдын ордонд нисэх загварын дугуйлан хичээллэдэг байв. Манай тамирчид 1970-аад оноос эхлэн олон улсын тэмцээнд оролцож, 1977 онд нисэх загварын зарим төрлөөр улс, хотын чанартай тэмцээн зохион байгуулж эхэлсэн байна. 1980 онд нисэх загварын спортын тэмцээний дүрэм, цол зэргийн нэгдсэн ангиллыг баталснаар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон гэдэг. Ингээд энэ жил анхны дэлхийн аваргын цомыг гардан авлаа.

Үндсэн цэс