Монголын хамгийн шилдэг гарааны бизнесээр TataTunga шалгарлаа

Нийтэлсэн: 2017.06.28 | |

6-р сарын 23-д зохион байгуулагдсан Seedstars Ulaanbaatar тэмцээний ялагчаар TataTunga баг шалгарч Швейцарь улсад эх орноо төлөөлөн 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

 

Seedstars World тэмцээний эхний шатны шалгаруулалт болох Seedstars Ulaanbaatar тэмцээн нь 6-р сарын 23-ний Баасан гарагт Чингис Хаан зочид буудалд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус тэмцээний шигшээд шалгарсан 10 шилдэг баг үзэгчид болон шүүгчдэд илтгэлээ танилцуулсан бөгөөд тэмцээний ялагчаар хиймэл оюунд суурилсан хэрэглэгчдэд үйлчлэх платформ хөгжүүлэгч TataTunga компанийн шийдэл шилдгээр шалгарсан байна.

Тус уралдаанд түрүүлснээр TataTunga-ийн багийн гишүүд нь 2018 оны 4-р сард Швейцарь улсад зохион байгуулагдах Seedstars Summit арга хэмжээнд оролцон бүтэн долоо хоног үргэлжлэх сургалтанд хамрагдаж бусад 70 орчим орны ялагчид болон дэлхийн хэмжээний хөрөнгө оруулагчидтай уулзах боломжтой болж байгаа юм. Түүнчлэн Seedstars Summit-ийн сүүлчийн өдөр болох илтгэлийн тэмцээнд ялагч болсноор нь 1 сая долларын хөрөнгө оруулалт авах эрхтэй болох юм.

Энэ удаагийн Seedstars Ulaanbaatar тэмцээний дэд байрт хүссэн газар бүртээ 360 хэмийн дүрслэл бүхий виртуаль аяллын платформ танилцуулсан Ocurus компани, гуравдугаарт жижиг дунд бизнес эрхлэгчдэд маш бага үнээр бүрэн хэмжээний мэдээллийн технологийн шийдэл санал болгогч Mogulbox багууд шалгарсан байна.

Тус уралдааны эцсийн шалгаруулалтад оролцсон багуудыг дурдвал:

  1. Beelog Technologies: Тасалгааны агаарын бохирдлыг бууруулах ухаалаг цэцгийн сав
  2. Hola: Хэрэглэгчдэд мэргэжлийн орчуулгын үйлчилгээ авахад нь туслах гар утасны аппликэйшн
  3. Mamaapp: Орчин үеийн ээжүүдэд зориулсан онлайн форум
  4. Manai Bair: Орон сууцны оршин суугчдыг хооронд нь болон төрөл бүрийн албан байгууллагуудтай холбох нийгмийн сүлжээ
  5. Medilize: Эмнэлгийн үйлчилгээ авахад туслах онлайн платформ
  6. Mixsor: Гэрийн автоматжуулалтын ухаалаг төхөөрөмжүүд
  7. MogulBox: Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан гайхалтай бага зардлаар мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ хангах шийдэл.
  8. Ocurus: 360 градус зураглал бүхий виртуаль аялал хийх үнэ төлбөргүй шийдэл
  9. TataTunga: Хиймэл оюунд суурилсан хэрэглэгчид үйлчлэх платформ
  10. Uyach app: Морьдын арчилгааны хөтөч платформ

Seedstars Ulaanbaatar тэмцээний шүүгчээр

  • Ай Ти Зон ХХК-ийн ерөнхийлөгч Н. Баттулга
  • Gemnet ХХК-ийн Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч У. Дөлгүүн
  • Microsoft Mongolia компанийн бизнес хөгжил хариуцсан захирал Н. Наранбат
  • Монголын хөгжлийн банкны Захиргааны газрын дарга Ж.Ганхуяг
  • Seedstars World –ийн Төв болон Зүүн Европийн бүс хариуцсан зөвлөх Agahuseyn Ahmadov

зэрэг туршлагатай бизнесменүүд оролцжээ.

Түүнчлэн тэмцээний үеэр “From Minegolia to Mindgolia: Монголын технологийн компаниуд хэрхэн дэлхийн хэмжээний асуудлыг шийдэх вэ?” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд тус хэлэлцүүлэгт илтгэгчээр: Юнител групп, ММС –ийн удирдах зөвлөлийн гишүүн, М-Си-Эс Кока Кола, Premium Group –ийн ерөнхийлөгч А. Ганхуяг, AND Global Pte.ltd –ийн санхүү хариуцсан захирал, Lendmn -ийн үүсгэн байгуулагчдын нэг О. Болдбаатар, Startup Mongolia –ийн дэд захирал Б. Идэр-Од нар оролцсон байна.

Seedstars –ийн Монгол дахь элчин төлөөлөгч Н. Наранбат нь Ай Ти Зон компанитай хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулсан бөгөөд  Gemnet, Монголын хөгжлийн банк болон Startup MongoliaМэдээллийн Технологийн Үндэсний ПаркМонгол улс дахь Швейцарийн хамтын ажиллагаа хөгжлийн агентлаг зэрэг байгууллагууд дэмжин ажилласан байна. Түүнчлэн мэдээллийн хамтрагчаар Ikon.mn, Ubinfo.mn, Business Radio 98.9, Bloomberg TV Mongolia, Unread Today зэрэг байгууллагууд оролцож, үйл ажиллагаанд нийт 40 гаруй гарааны бизнес эрхлэгчид, 250 гаруй үзэгч дэмжигчид оролцжээ.

 

Эх сурвалж:

http://press.seedstars.com/tatatunga-named-mongolian-most-promising-startup-at-seedstars-ulaanbaatar

 

 

 

 

 

Үндсэн цэс