Оюу толгой-Dell Compellent хадгалах төхөөрөмж нийлүүлэх төсөл

“Оюу толгой” бол Улаанбаатар хотоос 550 км зайд, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах дэлхийд ховорт тооцогдох зэс, алтны баялаг уурхай бөгөөд дэлхийн хамгийн том, өндөр чанартай зэсийн ашиглагдаагүй орд юм. 2013 оноос тус ордод Оюу толгой компани үйлдвэрлэлээ эхлүүлж, 2015 оны 2 дугаар сар гэхэд үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ нь нэг сая тоннд хүрчээ.

Оюу толгой ордын үр ашигтай олборлолтын нөөц нь:

  • 3 тэрбум 380 сая тонн хүдэр,
  • 31,1 сая тонн зэс,
  • 1328 тонн алт,
  • 7601 тонн мөнгө,
  • 81600 тонн молибден хэмээн тооцогджээ.

2009 онд Монгол улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголиа Инк ХХК (одоогийн Оюу Толгой ХХК), Айвенхоу Майнз (одоогийн Туркуаз Хилл Ресурс) болон Рио Тинто Интернэйшнл Холдингс Лимитед компаниуд Оюу Толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг хамтран байгуулснаар ашиглалтын ажлыг эхлүүлсэн юм. Гэрээг байгуулсан цагаас эхлэн тус ордыг ашиглах үйл ажиллагаа идэвхжиж, хүний нөөц бүрдүүлэх, олборлолт эхлүүлэх, бусад дагалдах үйлдвэрүүдийг байгуулах зэрэг ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж, бүтээн байгуулалтын нүсэр том ажил өрнөв.

Мэдээллийн технологийн хувьд, тус ордын өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хадгалах төхөөрөмжийн шийдлийг эхэн үед ашиглаж байсан ч үйл ажиллагаа өргөжихийн хэрээр мэдээллийн технологийн хэрэглээ, өгөгдлийн хэмжээ асар хурдтайгаар нэмэгдэж, тухайн ашиглаж байгаа шийдэл нь одоо болон ирээдүйд үүсэх хэрэгцээ шаардлага, хурдыг хангахааргүй болов. Тиймээс өсөлт дагасан өөрчлөлт шинэчлэлт, технологийн шилдэг шийдэл, томоохон системүүдийг ашиглах шаардлага зүй ёсоор тавигджээ.

Ингээд 2012 онд Оюу Толгой компанийн зүгээс хадгалах төхөөрөмжийн асуудлаа нэг мөр шийдсэн, хамгийн сүүлийн үеийн дэлхийн шилдэг технологийн дэвшлийг ашиглах ёстой гэж үзсэн учраас шинэчлэлтийн ажлыг эхлүүлжээ. Тухайн үед ямар шийдэл сонгох талаар нарийн тооцож, NetApp зэрэг хадгалах төхөөрөмжүүдийг судалж үзсэний эцэст тухайн үедээ цоо шинэ нээлт болоод байсан ухаалаг, автомат хадгалах төхөөрөмж болох Dell Compellent төхөөрөмжийг технологийн давуу чанарыг харгалзан үзэж, компанидаа суурилуулахаар сонгон төслийн ажлыг эхлүүлсэн юм.

Төслийн гүйцэтгэгчээр Ай Ти Зон компани Dell брэндтэй хамтран ажилласан ба 2012 оны 3 дугаар сараас 6 дугаар сар хүртэл  Оюу Толгой компанийн үйл ажиллагаа, уул уурхайн томоохон системүүдтэй холбоотой олон чухал баримт, тоон мэдээллийг агуулдаг хадгалах төхөөрөмжийг системээр нь шинэчлэх ажлыг амжилттай гүйцэтгэв.

Dell Compellent гэдэг нь Large Enterprise буюу томоохон хэмжээний байгууллагад зориулагдсан үүлэн тооцооллын орчинд хадгалах төхөөрөмж бөгөөд өндөр түвшинд виртуалчлагдсан, бүрэн автомат, мэдээллийн сангийн шаталсан Tiered урсгалыг бүрдүүлдэг шийдэл юм. Үүний хамгийн гол давуу тал нь өгөгдлийг “Шингэн дата” технологи болох ухаалаг програм хангамжийн тусламжтайгаар сторэйжийн хамгийн зөв цэгт хадгалах явдал. Ингэснээр хард дискэнд зориулах зардлыг 80% хүртэл хэмнэх боломжтой.

Төслийг хэрэгжүүлэхийн тулд Ай Ти Зон компани тусгайлан 2 инженерээ гадаад улсад сургаж, төхөөрөмжийг угсрах, суурилуулах ажиллагааг Dell-ийн инженерүүдтэй  хамтран мэргэжлийн өндөр түвшинд  гүйцэтгэсэн. Тус орд газрын өмнө ашиглаж байсан салбар бүрт байрлах жижиг хадгалах төхөөрөмжүүдийн найдвартай ажиллагааг хангах, байнгын хяналт хийхэд хүний нөөцөөс эхлээд зардал өндөр байсан бол нэгдсэн, өндөр багтаамжтай хадгалах төхөөрөмжтэй болсноор удирдлагын ажил ч асар хөнгөрсөн бөгөөд МТ-ынхний хувьд бусад чухал ажлууд, шинийг эрэлхийлэх цаг хугацаа боломжийг олгосон юм.

Мөн суурилуулалтын ажлын хүрээнд Оюу Толгойн орд дахь хадгалах төхөөрөмжтэй яг ижил төхөөрөмжийг Улаанбаатар хот дахь төв офисст нь суурилуулсан байна. Энэ нь ямар нэгэн гэнэтийн осол, байгалийн аюулт үзэгдэл, давагдашгүй хүчин зүйлсээс улбаалан компанийн үнэ цэнэтэй, гол өгөгдөл, мэдээллүүдийг алдахаас урьдчилан сэргийлсэн Disaster Recovery шийдэл байв.  

Технологийн талаас тус хадгалах төхөөрөмжид хүссэн үедээ системийн шинэчлэл хийх буюу виртуал диск үүсгэх боломжтой. Түүнчлэн Dell Compellent-ийн найдвартай ажиллагааг бүрэн хангах үүргийг Ай Ти Зон компани одоог хүртэл гэрээгээр хүлээж, үйлчилгээг нь Могул Саппорт энд Сервис охин компани нь хариуцан ажиллаж байна. Мөн төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг давхар Dell компанийн АНУ дахь төв оффисын инженерүүд байнга хянаж, ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд эрсдэл учрахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүргийг хүлээж ажилладаг нь Оюу толгой зэрэг дэлхийн хэмжээний үйл ажиллагаатай томоохон уурхайн хувьд онцгой найдвартай ажиллагааны илрэл болж байгаа юм.  

Үндсэн цэс