МОНГОЛ ОЮУНЫ ӨМЧИЙГ ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ЭКСПОРТЛОХ НЬ

Нийтэлсэн: 2018.03.30 |

Эдүгээ дэлхий ертөнцийн хөгжил хурдаар биш хурдатгалаар давшин урагшилж байна.  Энэхүү хөгжлийн цөм нь хүний хөгжил, мэдлэг боловсрол байгаа бол арга хэлбэр нь технологи, инновациар тодорхойлогдоно. Хөдөлмөрийн хуваарь, нийгмийн баялаг, эдийн засагт, тэр байтугай суурь онолд ч өөрчлөлт авчирахуйц давлагаанууд явагдаж байна.

Эдгээр шинэ технологиудыг дэлхийн бүх улсуудад нэг гараанаас нэгэн зэрэг ашиглах, хэрэглэх, хүртэх боломж олгож байдаг ба гагцхүү түүнийг хэрхэн баялаг болгон хувиргах нь тэдгээр улсуудын нөөц боломж, хүсэл эрмэлзэл, хөдөлмөрч байдлаас хамаарна. Мэдээж амьдралын наад захын хэрэглээг хангах хоол унд, мал мах, хувцас хэрэгсэл, барилга байшин, үйлдвэрлэл үйлчилгээ явдгаараа л явна. Гэвч мөн л нөгөө технологи, мэдлэг шингэхгүйгээр эдгээр үйлдвэрлэл жинхэнэ баялаг болж чадахгүй байдалд хүрнэ. Хэн нэгэн гаднынхнаар хийлгэх үү, эсвэл өөрсдөө оролдсоор үндэсний ДНХ-ээ буй болгож дэлхийд өрсөлдөх үү? Япон, Сингапур, Солонгос улсуудын хөгжсөн ойрхны жишээ бидэнд хангалттай байна.

Монгол залуус маань гаднын орнууд руу явцгааж байна, дэлхийн түвшний боловсрол эзэмшиж байна, тэдэнд хүсэл эрмэлзэл байна, тэд дэлхийн эдийн засгийн интеграцад орохыг хүсэж байна. Гэхдээ бидэнд түүнээс ч илүү шавхагдашгүй нөөц буюу оюуны чадавхад суурилсан бизнесийн чиглэлд хүчээ сорих боломж байна, гагцхүү бид ашиглахгүй алгуурлан тойрсоор байна уу даа?  Асуудал бэрхшээлгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй тул өмнөө тулгарах даваануудыг давахын төлөө тууштай ажиллах нь чухал. Мэдээж мэдлэг, инноваци шингэсэн л бол ямар ч салбарт өрсөлдөх боломжтой ч хамгийн хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй мэдээллийн технологийн салбарт манай залуус гадаад зах зээлд гарахаар оролдлогуудыг хийж эхлээд байна.

Мэдээллийн технологийн ууган компани болохын хувьд бидний зорилго Монгол залуусын бүтээсэн програм хангамж, мэдээлэл технологийн инженерийн мэдлэг, ур чадварыг гадаад зах зээлд үнэлүүлж бизнес болгох бөгөөд улмаар тодорхой байр суурийг олж гадаад улсад баялаг бүтээж эх орондоо оруулж ирэх юм. Мэдээж энэхүү ажлыг гүйцэтгэхэд олон талын судалгаа болон бизнесийн туршлага, хүний болон санхүүгийн нөөц, хөрөнгө оруулалт шаардлагатай. Дээрээс нь бид өөрсдийн нөөц бололцоо, боломжийг сайтар үнэлж чухам ямар бүтээгдэхүүн үйлчилгээг голчлон хөгжүүлж гаргахаа сайтар тунгаах хэрэгтэй болно.

Энэ бүхнийг ганц компани дангаар гүйцэтгэхэд бэрхшээлтэй бөгөөд хамтын хүчээр шийдвэрлэх гарцыг давхар эрэлхийлсээр байна. Мөн зорилтод зах зээлийн судалгааг нарийвчлан хийх шаардлагатай бөгөөд өөрсдийн бүтээгдэхүүний чанар, стандартыг олон улсын түвшинд аваачих гэх мэт олон ажлууд шил даран хийгдэх шаардлагатай байна. Энэ хугацаанд зарим улсад хийсэн тандалт, судалгаагаар Монгол инженерүүдийн хийсэн бүтээгдэхүүн бүрнээ нийцэж байсан бөгөөд цаашид хэрхэн борлуулалт, маркетинг хийх, бүтээгдэхүүний чанарыг хэрхэн сайжруулах чиглэлд ажлууд хийгдэх хэрэгтэй. And Global, ITZone гээд технологийн чиглэлээр гадаад зах зээлд гарахаар чармайн ажиллаж буй компаниуддаа амжилт хүсээд удахгүй Монгол улсын технологийн компаниуд бүс нутаг, цаашлаад олон улсын зах зээлд өөрсдийн байр суурийг олж Монгол мэдлэгийг дэлхийн зах зээлд үнэлүүлэх улмаар улсынхаа мэдлэг шингээсэн эдийн засгийн нэгээхэн хэсгийг бүрдүүлнэ гэдэгт итгэж байна.

 

 

Урианхан овогт Норолхоожавын Баттулга

Нийтэлсэн: Урианхан овогт Норолхоожавын Баттулга

Ажлын гараагаа Ай Ти Зон компанийн засварын инженерээр эхэлж байсан Н.Баттулга нь компанидаа 19 дэх жилдээ тасралтгүй ажиллаж, 2017 онд Захирлуудын зөвлөлийн даргаар сонгогдсон туршлагатай удирдагч билээ.

Үндсэн цэс